Thursday, March 26, 2009

П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна

2009 оны “Хөх толбо” сонины № 4-т шинжлэх ухааны доктор, нэрт улс төр судлаач П.Нэргүйн Монгол улс санхүү эдийн засгийн хямралд биш сүйрэл сүйтгэлийн зам дээр байгаа тухай ярилцлага нийтлэгдсэн билээ.Мөн тус сонины № 5-д судлаач Д.Ганхуягийн Оюутолгой, Тавантолгойтой холбоотой захидал нийтлэл гарсан бөгөөд энэ нь уншигч олны анхаарлыг татаж байна. Тийм учраас доктор П.Нэргүйтэй уулзаж өмнөх яриагаа үргэлжлүүлсэн юм. Учир нь өнөөгийн Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдрал эгзэгтэй байдалд тулж ирээд байна. Түүний үзэж буйгаар Монгол улс жирийн нэгэн санхүүгийн хямралд биш, сүйрэл сүйтгэлийн шатанд айхтар том цочмог доргионд орсон байна.
Сур: Өнөөдөр Монголын улс төрчид болон эдийн засаг судлаачид бүгдээрээ л дэлхийн санхүүгийн хямралаас нөлөөлөлтэй монголын санхүү эдийн засгийн хямрал явагдаж байна гэж яриад байна шүү дээ. Тэгж сурталчилж олон түмний тархи толгойг угааж ойлгуулж байна. Гэтэл та том хямралаас их уналтын шат руу орж, уналтын шатнаас сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна гэж та яагаад үзэж байна вэ?
Доктор П.Нэргүй: -Өнөө үед Ардчилсан хувьсгалын онол бодлогыг арай өргөн хүрээгээр тайлбарлаж ярих шаардлага гарч байна. Ардчилсан хувьсгалыгтодорхой улс төрийн чиглэмжтэй өвөрмөц стратеги, том бодлоготой, эцсийн үр дүн, үр дагаврыг нарийвчлан тодотгосон чанарын агуу том өөрчлөлт мөн гэжтодорхойлох хэрэгтэй. Ардчилсан хувьсгалын гол чиглэл нь Монгол улсыг далд колони орноос бие даасан хараат биш ардчилсан улс болгох явдал мөн. Ардчилсан хувьсгал өөрийн гэсэн улс төрийн нүүр царайтай, бас хүнлэг ёс, төв шударга ёс, улс төрийн соёл, амьжиргааны чанар зэргийг хамарсан үйл явц болох ёстой.Ардчилсан хувьсгал бол Ардын хувьсгалаар хэрэгжиж амжаагүй олон асуудлыг шийдвэрлэх чухал чиглэмжийг агуулж байсан. Энэ хувьсгал нь бусад боловсруулахад, ялангуяа Монголд өрнөх ардчилсан хувьсгалын онол бодлогыг томьёолоход зайлшгүй анхаарах зарчмын шинжтэй хэд хэдэн асуудал байдаг. Тухайлбал, Монгол улс ямар замналаар явж буйг тогтоох, Монгол улс түүхэн үйл явцын ямар үе шатанд оршиж байгааг зөв оношлох, төр засаг нь бодит үйл явцтай нийцсэн, аль эсвэл харшилдсан бодлого болон том том арга хэмжээг аль хэр хэрэгжүүлж байгааг тодорхойлох, улс орон маань том гажил, хүнд хямрал уналт сүйрэлд өртөж байна уу, үгүй юу гэдгийг урьдчилж харах, улс оронд гадны гүрний элдэв явуулгууд аль хэр нөлөөлдгийг илрүүлэх, том гүрэн жижиг улсын харилцаа аюулын, эсвэл аюулгүйн ямар зэрэглэлд хамрагдаж буйг онож илчлэх.Эцсийн дүнд улс орны тусгаар тогтнол, хүн ардын амьжиргаа хэр хангагдсаныг тооцоолох зэрэг том том асуудлууд хөндөгдөх учиртай. Дээрх чиглэлүүдтэй холбогдож манай улсын нийгмийн шинжлэх ухаан, том том эрдэмтдийн эрдэм судалгааны төвшин ямар байгааг, бас улс төрийн шинжлэх ухааны чадавхи аль хэр болсныг зайлшгүй анхаарах ёстой.20-р зуунд ч тэр, тэр тусмаа 21-р зуунд нийгмийн шинжлэх ухааныг, ялангуяа улс төрийн шинжлэх ухааныг, түүний гол цөм болсон улс төрийн гүн ухааныг дээд засаглал болон том намууд гойд эзэмшиж чадсан байх учиртай. Ингэхгүйгээр улс оронд учрах элдэв аюулуудыг угтан мэдэж улсаа аврах алхмуудыг хийж чадахгүйд хүрэх юм. Бид үүнийг зориуд ярьдгийн учир юу вэ гэвэл 1970-аад оны эцсээр далд инфляци явагдаж 1981 онд Монгол улс эдийн засгийн айхтар хямралд өртсөн байжээ. Үүнийг нам төрийн тэр үеийн дээд удирдлага 1985 онд ч мэдээгүй, 1988 онд ч мэдээгүй явсан. Энэ эдийн засгийн хямрал дараа нь улс төрийн хямралд орж, 1987 онд үзэл суртлын хямрал өрнөж, 1988 онд дээрх гурван хямрал улмаар нийгмийн системийн хямрал болж хувирсан.Ингээд 1989 оны эцсээр ардчилсан хөдөлгөөн үүсч, 1990 оны 2-р сараас Ардчилсан хувьсгал өрнөх лут эхлэл тавигдсан гэлтэй. Бид үүн дээр юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл манай нийгмийн шинжлэх ухаан, түүний тэргүүлэх хэсгүүд болох гүн ухаан, улс төр эдийн засгийн ухаан, төр эрхийн онол Монгол улсад өрнөсөн гажил хямралуудаас хэт хол хөндий байснаас нийгэмд гарч буй далд том өөрчлөлтүүдийг олж харах чадваргүй байсантай холбоотой гэж үзэх ёстой. Нийгмийн том өөрчлөлтүүдийн хэмжээнд улс төр эдийн засгийн судалгаа, философи социологийн судалгаа хийгдэж байгаагүй гэдгийг хэлэх ёстой. Өнөө үед ч ялгаагүй, манай шинжлэх ухаан зах зээлийн том том өөрчлөлтүүдийн цаана ямар эвгүй хандлагууд ажиглагдаж байгааг олж харж чадахгүй л явна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал гэж гадныхан ярьмагц манай дээд удирдлага түүнийг нь шүүрч аваад том эрдэмтдээ цуглуулж шүүж ярилцаад л улс орноо хямралаас хохирол багатай аваръя, цөмөөрөө бүсээ чангалцгаая гэж уриалаад л байх жишээтэй.Энд бидний хөндөх гээд байгаа нэгэн асуудал бол Монгол улс 2009 он гэхэд хөгжлийнхээ шатанд байгаа юм биш, хямралын баазыг 1980 оноос 1990 оны хооронд туулж өнгөрөөд, 1990 оноос нийгэм эдийн засгийн том уналтанд өртөж, 2000 оноос хойш өнөөг хүртэл бид бүгд сүйрэл сүйтгэлийн шатанд орчихсон гэдгийг хэлж ярих учиртай. АНУ сүйрэл сүйтгэлийн шатанд байгаа юм биш. АНУ эдийн засгийн их уналтанд ороогүй. Энэ улс том хямралд өртчөөд байна. Үүнийгээ өнөөгийн улс төрчид, эрдэмтэд саянаас ойлгож, лут лут арга хэмжээнүүдийг авч байна. Монголчууд бид АНУ шиг эдийн засгийн өсөлт өрнөлтийн шатанд эдийн засгийн өсөлт саарч буй үе шатанд байгаа юм биш. Монгол улс түүхийн том уруудалтын дөрөвдэх шатлал дээр дэнжигнэн тогтож байна. Энэ дөрөв дэх шатлалыг сүйрэл сүйтгэлийн шат гэж үздэг. Улс орныхоо газар нутгийн 50 гаруй хувийг гадаадынханд лиценз гэгч юмаар панзалснаас болж, мөн манай оронд гадны гурван давхар далд колоничлол тогтсоноос улбаалж, эх орон маань сүйрэл сүйтгэлийн шатанд гулсаж орсон юм шүү.Тэгвэл АНУ манай улстай адил гадны гурван давхар колоничлолд нэрвэгдээгүй, бас улс орныхоо газар нутгийг гадаадынханд лицензээр худалдаагүй, мөн нийгэм эдийн засгийн том уналтыг АНУ огт амсаагүй байгаа гэсэн том том үйл явцуудыг бид ялгаж зааглаж эдийн засаг санхүүгийн хямралын шатыг сүйрэл сүйтгэлийн шатаас салгаж ойлгох нь зөв байх. Үүнтэй уялдаж 1990 онд гуравхан cap үргэлжилсэн Ардчилсан хувьсгалыг бараг 20 жил Монгол улсад өрнөөд байгаа “монжооч зах зээлийн хувьсгал”-тай андуурах, улмаар төөрөлдөх үзэгдэл амь бөхтэй хэвээр байна.1990 оны Ардчилсан хувьсгал Зөвлөлтийн далд колоничлолын эсрэг чиглэж байсан бол монжооч зах зээлийн хувьсгал 1991 оны 1-р сард засгийн газрын 2-р тогтоолоор эхлэхдээ Зөвлөлтийн далд колоничлолын эсрэг огт чиглээгүй байсан. Зах зээлийн хувьсгал Монгол улсыг далд колони орноос хараат биш орон болгож хувиргах ариун гэгээлэг зорилтыг хэзээ ч дэвшүүлж тавиагүй.Тэгвэл Ардчилсан хувьсгал төгрөгийн ханшийг навсайтал унагаж хүн амынхаа 70 хувийг ядууруулах чиглэлийг хэзээ ч дэвшүүлж байгаагүй. Үүнийг ингэж ярьдгийн учир юу вэ гэвэл Ардчилсан хувьсгал нь зах зээлийн төрийнхөө чиглэмжээр нийгэм эдийн засгийн үр дагавраар асар их ялгаа заагтай болсныг бид зориуд онцлон дурдах ёстой. Өнөө үед Ардчилсан намын дотор ч, Ху намын дотор ч, бусад намуудын дотор ч Ардчилсан хувьсгалыг монжооч зах зээлийн хувьсгалтай адилтгадаг хүмүүс зөндөө олон байна. Ардчилсан хувьсгал Монгол улсад бараг 20 жил үргэлжилж байгаа мэтээр тайлбарладаг хүмүүс захаас аваад тааралдаж байна. Монжооч зах зээлийн хувьсгалаар Монгол улсад төлөвшсөн элдэв балай үзэгдлүүд, урьд өмнө Монголд байгаагүй харш хандлагуудыг өнөө үед Ардчилсан хувьсгалтай холбож, элдэв бүх бурууг Ардчилсан хувьсгал руу чихэх оролдлого хийгдэж эхэлсэн гэдгийг бид зориуд сонордуулж байна. Дээрх элдэв үзэгдэл харш хандлагуудыг монжооч зах зээлийн хувьсгалыг санаачилж өрнүүлсэн Ху намын болон Ардчилсан намын том цул үүрдэг л байгаа биз.Харин 1990 оны 2-р сарын 18-наас мөн оны 5-р сарын 6-ныг дуустал бараг гуравхан cap үргэлжилсэн Ардчилсан хувьсгал руу монжооч зах зээлийн хувьсгалаар үйлдсэн бузар булай гэмт хэргүүдийг хамаатуулж тохож болохгүй гэдгийг бид албан ёсоор мэдэгдэж байна. Ардчилсан хувьсгал Монгол улсад дахиад эхлэх юм бол энэ хувьсгал гадны гурван давхар далд колоничлолын эсрэг юуны өмнө чиглэгдэх бөгөөд монжооч зах зээлийг өдөөсөн элдэв гэмт хэрэг, харш хандлагуудыг уг үндсээр нь таслан зогсооход хандах болно гэдгийг энэ дашрамд хэлэх нь зөв байх.Эрдэнэт үйлдвэрийн дарга саявтар том илтгэл тавьж түүндээ “Монгол Эрдэнэтээс болж хямраагүй” гэсэн улс төрийн дүгнэлтийг дэвшүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын стратегийн асар их ач холбогдолтой ордыг түшиглэж байгуулагдсан. Энэ үйлдвэр нь гучин жил ажиллахдаа бараг 700 сая тонн зэс молибдений хүдрийг олборлож, хойш нь төмөр замаар зөөлгөвөө. Эрдэнэтийн орд 1.6 тэрбум тонн нөөцтэй энэ уурхайн техник эдийн засгийн үндэслэл Монгол улсад асар их хохиролтойгоор, Орос гүрэнд асар их ашигтайгаар зохиогдсон гэдгийг миний бие 1975 онд Эрдэнэтийн нутаг дэвсгэрийн цогцолбор төлөвлөгөө зохиох явцад дээрх үнэлгээ дүгнэлтийг хийсэн юм.Эрдэнэтийн уурхайгаас олох нийт валютийн тавхан хувь нь буюу 20 тэрбум доллар монголчуудын мэдэлд үлдэж, 95 хувь нь буюу 380 тэрбум доллар оросуудын мэдэлд тэдний өмч болж хувирахаар техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байв. Нэгэнт Эрдэнэт УБҮ нь Монгол улсын Үндэсний орлогыг тав дахин нэмэх чадалтай гэдгийг бид мэдсэнээр, хожим нь энэ үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын Үндэсний орлого тав дахин биш хоёр дахин ч биш, хорьхон хувиар өссөнөөс шалтгаалж манай улсын эдийн засаг түүний үндэсний нөхөн үйлдвэрлэл хөгийн дүр төрхтэй болсныг бид олж мэдсэн юм.1978 оны зун Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын Үндэсний орлого хорьхон хувиар нэмэгдэх болсныг бүх тооцоо үндэслэлийг гаргаж ЗХУ-ын төлөвлөгөөний хороо руу том танилцуулгыг бэлтгэж явуулсан юм.Эндээс л Монгол улсын түүхэн замналын хувь заяаны асуудал улс төрийн лут зөрчилдөөний түвшинд тавигдсан юм. Монгол улс Эрдэнэтээс болж хямраагүй гэсэн Ч.Ганзоригийн дэвшүүлсэн дүгнэлт нь Эрдэнэтийн үйлдвэрийн нийт валютийн орлогын 5 хувь дээр буюу 20 тэрбум доллар дээр үндэслэж гарсан дүгнэлт юм. Бид Эрдэнэтийн асуудалд хандахдаа түүнийг Ардчилсан хувьсгалын төвшинд гаргаж тавихдаа Эрдэнэтийн ордын валютийн нөөцийг 100 хувь бодож тооцоолсон.Өөрөөр хэлбэл 20 тэрбум доллараар бус чухамдаа 400 тэрбум доллараар тооцоолж, Эрдэнэтийн ордын хувь заяаг ардчилсан хувьсгалын үзэл номлолтой холбож тавив. Эрдэнэтийн УБҮ-ийн ажиллагааг 1989 оны байдлаар иж цогцолбороор тооцоолж, үндэсний нөхөн үйлдвэрлэлийн гол гол параметрүүдтэй холбож, үүний үндсэн дээр Монголын эдийн засаг бүхэлдээ ямар том том гажилт, лут хямралд өртсөнийг илрүүлж, эдгээр хямрал ажлуудыг цаашид өрнөх Ардчилсан хувьсгалын явцад хэрхэн засаж залруулах чиглэлүүдийг гаргасан юм. 1989 оны макро эдийн засгийн том загвар гурван үндсэн чиглэлээр, тодруулбал эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн хараат тогтнол, далд колоничлолт мөлжлөг гэсэн чиглэлээр гол гол тооцоонууд хийгдсэн. Энэ тооцооноос цөөхөн хэдэн тоог л дурьдах нь зүйтэй.Хэрэв эдийн засгийн тусгаар тогтнол хангагдсан бол, өөрөөр хэлбэл Эрдэнэтийн үйлдвэрийн валютын орлого таван хувиар биш 100 хувиар Монголын ард түмний өмч байна гэж үзвэл үйлдвэрлэсэн үндэсний орлого (үл хөдлөх үнээр) 34 тэрбум төгрөгөд хүрэх байв. Энэ нь ойролцоогоор 11 гаруй тэрбум доллартай тэнцэнэ. Гэвч хараат эдийн засаг, өөрөөр хэлбэл далд колони эдийн засаг нэгэнт төлөвшчихсөн учраас өөрийн үйлдвэрлэсэн үндэсний орлого 8 тэрбум төгрөг болж, даруй 26 тэрбум төгрөгийн нэмүү бүтээгдэхүүнийг бид хойш нь ЗХУ-д алдаж байсан.Яг ийм байр сууринаас Эрдэнэтийн үйлдвэрийн дарга Ганзориг хандаж ярьж чадаагүй. Тэрбээр улсын төлөвлөгөөний комисст 1980-аад онд ажиллаж байсан хэдий ч Монголын эдийн засгийн жинхэнэ бодит дүр төрхийг олж харж чадаагүй. Мэдлэгийн иймэрхүү түвшин, зөвхөн Ганзориг дээр ч бус, тэр үеийн улсын төлөвлөгөөний комиссын дээд удирдлагуудад бүгдэд нь байсан гэдгийг хэлэхэд юун буруу байхав. Хэрвээ бид 26 тэрбум төгрөгийн нэмүү бүтээгдэхүүнийг жил бүр алддаггүй байсан бол ард түмний хэрэглээг 7 тэрбум төгрөг буюу, 2.5 тэрбум доллар дээр байлгах биш эл хэрэглээг 15 тэрбум төгрөг буюу 5 тэрбум доллар дээр барьж хэрэглээг 2 дахин нэмэх боломж байсан.Үндэсний хуримтлалыг 1.2 тэрбум доллараар биш бараг 3 тэрбум доллараар өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах лут гарцыг нээх байсан юм. Ингээд бид Эрдэнэтийн үйлдвэрийнхээ нийт валютийн орлогын 95 хувийг оросуудад далдуур алддагаа мэдэхгүй явсаар өнөөг хүргэсэн юм. Энэ нь тус үйлдвэрийн дарга Ганзоригийн хийсэн дүгнэлтээр дахин нотлогдож байна. Эрдэнэтийн үйлдвэрийн даргаар бас Наранхүү, Дорлигжав нар ажилласан. Гэлээ ч тэд Эрдэнэтийн үйлдвэрийн жинхэнэ чадавхийг олж хараагүй. Бид Эрдэнэтийн тооцоог бүрэн хэмжээгээр том бодлогын төвшинд тооцоолохдоо, ардчилсан хувьсгалтай холбож хийхдээ Эрдэнэтийн зэс молибдений хүдэрт агуулагддаг алт болон мөнгийг тусгайлан тооцоолсон. Эрдэнэтийн ордын 1 грамм алтыг 1989 онд 12 ам.доллараар бодсон.Одоогийнхтой адил 20 доллар ч юм уу, эсвэл 30 доллараар тогтоогоогүй. Хэрвээ Эрдэнэтийн тооцоог дахин хийе гэвэл гурван үнээр тооцоолох хэрэгтэй. 1 грамм алтыг 12 доллараар тодорхойлохоос гадна 20 доллараар, гуравдахь хувилбар нь 30 доллараар тооцоолох учиртай. Ямар ч байсан, Эрдэнэтийн үйлдвэр нь үнэхээр л стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл мөн л юм бол түүний бүх тооцоог 5 хувиар биш 100 хувиар, бүр 95 хувийг нь оруулж байгаад бодох учиртай юм. Өнөө үед Эрдэнэтийн үйлдвэр нь хөрөнгө оруулалтынхаа зардлыг хаагаад нөхчихсөн учир энэ үйлдвэр 100 хувь Монголын ард түмний өмч байх ёстой. Зарчмын энэ асуудал улс төрийн өндөр төвшинд шударга ёсны дагуу шийдэгдвэл бид Эрдэнэтийн УБҮ-г далд колоничлолын объект байсныг нь таслан зогсоож, түүнийг Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулж чаддаг стратегийн үйлдвэр, Монгол улсыг эдийн засгийн хөгийнжлийг гэтэлж, эдийн засгийн хөгжлийн гольдролыг эхлүүлэх боломжтой болох юм. Эрдэнэтийн үйлдвэрийн валютийн орлогын зөвхөн 5 хувь нь Монгол улсад ноогддог болсон нь эцсийн эцэст Ардчилсан хувьсгалын нэгэн том зорилт тавигдаж, энэ зорилго нь Эрдэнэтийн ордыг хаах асуудал болон дэвшигдсэн билээ.Бид өнөөдөр Тавантолгойн орд, Оюутолгойн ордыг ашиглахгүйгээр Эрдэнэтийн ордыг Монолын ард түмний жинхэнэ өмч болгон ашиглаж чадвал энэ үйлдвэр Монголчууд биднийг 150 жил тэжээх чадалтай гэдгийг дахин хэлмээр байна. Эрдэнэтийн үйлдвэрийг ард түмний жинхэнэ өмч болгож чадаагүйгээс Монголчууд бид жил бүр 3.8 тэрбум долларыг алдаж, энэ алдсан хэмжээгээр гаднаас байнга зээл тусламж гуйдаг, том гүрнийг царайчилдаг ийм хөгийн гольдрол руу орсонд нь хэрэв Эрдэнэтийн 3.8 тэрбум долларыг жил бүр бид алддаггүй байсан бол монголчууд бидний амьдралын төвшин дэлхийн дундаж хэмжээнээс дээгүүр хэмжээнд очих байсан юм.Ийм учраас Эрдэнэтийн үйлдвэр Монгол улсыг хямруулаагүй гэсэн дүгнэлт хэт өрөөсгөл бөгөөд макро эдийн засгийн, ялангуяа улс төр эдийн засгийн ухаанаа гадарладаггүйн гай ийм байдлаар илэрдгийг бид мэдэх ёстой. Эрдэнэтийн асуудалтай холбогдуулж бид өөр нэг асуудлыг хөндөх нь зүй ёсонд нийцнэ байх. Эрдэнэтийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Айвенхоу Майнз ХХК нэлээн нарийн судалж, Оюутолгой ордын техник эдийн засгийн үндэслэлийг, бас бодлогынхоо стратегийг боловсруулж гаргасан. Энэ тухай би Хөх толбо сонинд хэд хэдэн удаагийнхаа ярилцлагад оруулсан байгаа.Оюутолгой ордын талаар саявтар Хөх толбо сонинд эдийн засагч Д.Ганхуяг нэгэн сонирхолтой тооцоог нийтлүүлжээ. Эл тооцоонд Оюу толгойн ордын нийт үнэ цэнийг 287 .4 тэрбум доллараар тооцоолж гаргалаа. Эдийн засагч Н.Үнэнбат Монголын мэдээ сонины энэ оны 21-р дугаарт Оюутолгойн талаар тооцоо хийв. Оюутолгойн ордын эдэлбэр талбайн 30 хувьд л хайгуул судалгаа хийгдсэн бөгөөд үлдэж буй 70 хувь нь судлагдаагүй гэдгийг Үнэнбат тодруулсан. Судлагдсан 30 хувийн талбайд 40 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нөөц байгаа бөгөөд энэ нь 250 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийг баримталбал Монгол улс тавин жилийн хугацаанд 15 тэрбум долларыг авна. Энэ нь нийт орлогын дөнгөж 6 хувь нь болж, 96 хувь нь Айвенхоу Майнзын өмчөнд шилжинэ. Дээрх хувилбар нь яг л Эрдэнэтийн ордын техник эдийн засгийн үндэслэлтэй зарчмын хувьд ялгагдахгүй адил болж байгаа юм.Үнэнбат цааш нь Оюутолгойн ордоор аятайхан тооцоонуудыг гаргалаа. Тухайлбал, Оюутолгойн ордод баяжуулах үйлдвэр барих, хот байгуулах, Чойр хүртэл төмөр зам тавих, Чойрт зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг том ажлуудад нийтдээ 25 тэрбум доллар хэрэгтэй гэжээ.Үйлдвэрлэлийн зардал нь 50 жилээр тооцоолоход 50 тэрбум долларт очно. Ингээд 25 тэрбум долларын хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын үйлдвэрлэлийн зардал, нийлээд 75 доллар болж байна. 250 тэрбум доллараас 75 тэрбум долларыг хасахад цаана нь 175 тэрбум доллар үлдэнэ. Энэ тооцоо нь зөвхөн Оюутолгойн ордын талбайн 30 хувьтай л холбогдож хийгдсэн тооцоо. Хэрэв судалгааг 100 хувиар бодож тооцоолбол Оюутолгойн ордын нийт орлого 800 гаруй тэрбум долларт хүрнэ.Оюутолгойн ордын үр ашгийг зөв тооцоолох асуудал асар их ач холбогдолтой гэдгийг Үнэнбатын дээрх тооцооноос тод томруун харагдаж байна. Үнэнбат Оюутолгойн ордын асуудалд зөвхөн эдийн засгийн талаас нь биш, бас улс төрийн байр сууринаас энэ асуудалд зөв хандаж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутолгойн орд ашиглалтанд орлоо гэхэд Монголын Үндэсний орлого 40 хувиар биш 10 дахин нэмэгдэнэ. Яагаад гэвэл Оюутолгойн орд нь Эрдэнэтийн ордоос 2 дахин их нөөцтэй. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордод 3.2 тэрбум тонн нөөц бий.Үүнээс гадна Өмнөговь аймагт Оюутолгойн ордоос гадна найман том орд бий. Тухайлбал, Хүрэл үнэгний орд, Хармагтайн орд, Оюут улааны орд, Оюут овоогийн орд зэргийг нэрлэж болно. Хамгийн харамсалтай нь Өмнөговь аймгийн нутгийн дийлэнхи хэсгийг манайхны Х.У.Л-чууд гадныханд лицензээр худалдчихсан юм. Энэ бол улс төрийн аймшигтай том гэмт хэрэг. Ийм их баялагтай аймгаа гадныханд панзалдаг гэмт этгээдүүдийг ард түмний онц зөвлөлөөр шийтгэх ёстой. Ийм зөвлөлийг ардчилсан хувьсгалаар л тогтоохоос биш, монжооч зах зээлийн хувьсгалаар ард түмний онц зөвлөлийг байгуулж болдоггүйг манай гашуун туршлага нотолж өглөө.

Thursday, March 19, 2009

Манлайбаатар Дамдинсүрэн

17-р зууны гучаад оны үед Халхын Сэцэн Хаан Аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбуйрт очиж нутаглан Шинэ Баргын Шулуун Цагаан Хошуу гэгдэх болсон ажээ. Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ. 7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн Хаанд 1908 онд бараалхахаар очжээ. Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээр Хан Аймгийн ханжин Ханддоржтой танилцан дотно нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний Монголчууд олон ширхэгийг нийлүүлэн түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийн хүлээнэ. хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой ийнхүү танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ.


Дамдинсүрэн Чин Улсын Шинэ Засгийн Бодлогых колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул түүнийг эсэргүүцэж байсан бөгөөд Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлагыг бүрэн дэмжиж байлаа. 1911 оны есдүгээр сард Баргын ноёдын нууц хуралдаан болж манж, хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж, зэвсэгт бослогод бэлтгэх шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн зохион байгуулж 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргаж, түүнийг толгойлогчдын нэг Дамдинсүрэн тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг нийслэл Хүрээ рүү томилон явуулсан Хөлөнбуйрын ард түмнийг төлөөлөн тулгар тогтсон Монголын төрд зүтгэхээр ирсэн төлөөлөгчдийг Могнол Улсын засгийн газар талархан хүлээн авч Дамдинсүрэнг улсад туслагч дэд сайдаар томилсон ба бусад нөхдийг бь бас хөхүүлэн шагнасан.
Ингэж Дамдинсүрэн Могнол улсын төрийн зүтгэлтэн болох замдаа орсон ажээ. Тэр тусгаар Монгол Улсын төрийн чухал албанд томилогдсондоо урамшиж хүч авъяасаа дайчлан ажиллаж байлаа. Тэр 1912 оны хавар Богд Хаанд төрийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэсэн арван зүйлийн, мөн онд цэргийн сургууль байгуулах, эдийн засгийг сайжруулах талаар найман зүйлийн чухал саналууд тавьж байв. Дамдинсүрэн цэргийн хэрэг сайн мэддэг байсан учраас Монгол Улсын хаан түүнийг 1912 оны зун Баруун хязгаарыг төвчитгөн тогтоох сайдад Магсаржавын хамт, томилоход тэд нийслэл Хүрээнээс цөөн цэрэг авч баруун хязгаарт явах замдаа цэрэг элсүүлэн бүгд 5000 орчим цэргэ шинээр татан авч тэдний дунд зхохион байгуулалт хийж, сургуулилан боловсруулах ажил шургууу явуулсан. Хотыг дайран эзлэх ажиллагаа сайд Дамдинсүрэн, Магсаржав нар шууд удирдаж өөрсдөө тулаанд биечлэн оролцож, 8 дугаар цард Манж, Хятадуудыг буулгаж авсан юм. Дамдинсрэн үе улиран залгамжлах засаг, цэргийн жанжин, манлайбаатар цол шагнуулсан. Ийнхүү Монгол Улсын цэргийн жанжин болоод Монол Улсын цэргийн сүр хүчийг дээшлүүлэхийн тулд боловсон олон улсуудын жишээгээр Монгол Улсын цэргийг шинэчлэн байгуулах тодорхой саналыг 1912 оны өвлийн дунд сарын сүүлчээр тавьж байлаа. Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг [өмнөд] Монголын нутагт цөмрөн ирж түйвээж эхлэхэд 1913 оны эхээр Монгол Улс өмгөөлөх цэргийг таван замаар [өмнөд] Монголын нутаг руу хөдөлгөхөд Манлайбаатар Дмадинсүрэн зөөн өмнө хязгаарын цэргийг захирах жанжнаар томилогдох уг байлдааны ажиллагааг удирдаж явсан. Ар, [өмнө] Монголын цэрэг Хятадын хар цэрэгтэй удаа дараа амжилттай тулалдаж, [өмнөд] Монголоо чөлөөлөхийг зорьж байсан боловч Орос, ДИУ-ын Монголын тухай тунхаглал гарсаны дараа Монгол Улс байлдааны ажиллагааг зогсоогоод Өвөр Монголын цэргийг тарааж Халхын цэргийг гэдрэг татсан билээ.

Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол; Орос; Хятад гурван улсын этгээдийн хэлэлцээ эхлэхэд туц туц Могнолын төлөөлөгчдийн бүрэлдэхүнд оролцож байлаа. Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр ДИУ-н харъяанд автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монглын нийт ард түмний адил гүн хилэгнэж байлаа. 1915 оны зун [өмнө] Монголд ДИУ-г эсэргүүцсэн олон нийтийн бослого гарсан. Түүний гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар [Өмнө] Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан шударга баатар Бавуужав байлаа. Иймд Автономит Гадаад Монголын засгийн газар Дундад, Орос хоёр улсын шахалтаар жанжин Манлайбаатар Дамдинсүрэнг, 1915 оны 7 сард Зүүн Өмнө Хязгаарын түшмэл, цэргийг ятган тохинуулах сайдаар томилон хэдэн сар ажиллуулсан боловч зэвсэгт бослогыг зогсоож чадаагүй билээ.

Харин Орос оронд хувьсгал гарч төр солигдсон хийгээд Алс Дорнодод олон улсын хүчний харилцаа өөрчлөгдөж байгааг ДИУ харгалзан Гадаад Монголын удирдлага дахь үндэсний ухамсар дорой, тогтворгүй этгээдүүдийг ашиглан, автономит байгууллыг устгуулж өөртөө нэтггэх идэвхтэй бодлого явуулах болов. Тэгэхэд Автономит засгийн зарим эрх баригчид Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын зэргэ хэөрөнч баатруудыг хил хязгаар сэргийлүүлэх нэрийдлээр нийслэлээс зайлуулсан. Тухайлбал: жанжин Дамдинсүрэн[г] зүүн өмнө хязгаарыг сэргийлүүлэхээр томилон явуулсан билээ. Гэтэл Хойд Хятадын цэргийн эрхтнүүд Ар Монголыг 1919 онд цэрэглэн эзэлж автономийг устгаж харгис дэглэм тогтоосныг Дамдинсүрэн хилэгнэн эсэргүүцэж байх болсон. Тэр бол зөвхөн цэрэг гадаад харилцааны нэрт зүтгэлтэн төдийгүй Монгол Улсынхаа эдийн засаг, цэрэг, улс төрийн тогтолцоо сургууль соёлыг хөгжүүлэх талаар ямагт санаа тавьдаг, гүнзгий сэтгэгч, ардчилсан үзэлтэй хүн байлаа. Тэр Хөлөнбүйраас дагаар ирсэн өөрийн харъяат нар бусад дагагчдаар бүрдэл болсон нэг хошууны засаг ноён болж хааны зарлигаар олгосон нутагт төвхнүүлэн амьдарч байлаа. Гэхдээ тэр нийслэлд алба хашиж, түүний хүү нь эцгээ төлөөлөн харъяат хошуугаа захирч байлаа.

Ардач үзэлтэй, сэтгэгч, цэргийн гарамгай жанжин, төрийн нэрт зүтгэлтэн Дамдинсүрэнгийн харъяат хошууны төв байсан тулс улсын одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын төв дээр түүний дурсгалд зориулан босгосон сүрлэг хөшөө бий. Эх орон харь Хятадын дарангуйлалд эрсдэж байхад Манлайбаатар; Хатанбаатар нар бусад эх орончдын хамт Халх дахиныг үндэсннийхээ эрх чөлөөний төлөө дахин босгохын тул сэмээр цэрэг элсүүлэн, Богд Хааны дэмжлэгийг авч хөдлөх гэж байгаад 1920 оны 9 дүгээр сарын 10-нд Хятадн харгисуудад баривчлагдсан. Нугаршгүй чин зоригт, баатарлаг эх оронч Манлайбаатар 1921 оны эхээр Хятадын гэмингийн эрүү шүүлт харгислалд тэргүнээ гудайлгахгүй босоогоороо нас барсан нь эх оронч хэн бүхэнд зоригжуулагч жишээ болж байдаг билээ.

Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг

Эр хүн
"Тань руу нүүж явна" нэртэй монголын уран сайхны кинонд хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөн шаналал дунд "хэрхэн яаж шийдэх бол" хэмээн, анх үзэж суухдаа догдолж байсан. Хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ булаалдан шаналах "монгол сэтгэл"-ийг үнэхээр гайхамшигтай харуулсан.

Шаналал, зовлонгоо сэтгэл дотроо л буцалгаж, асаасан тамхиныхаа утаатай хамтад нь санаа алдан гадагшлуулах тэр эр, эцсийн эцэст хүүгээ алдан зовж шаналсан эхийн сэтгэл рүү "нүүж очих"-ыг хараад өөрийн эрхгүй "эр хүн" гэж сэтгэл дотроо бахдан дуу алдсан сан. Зөвхөн энэ кино ч биш "Монгол эр хүн"-ний гайхамшигтай дүрийг олон сайхан бүтээлүүд мөнхөлсөн.

Уугуул нутагтаа эзэн шиг эзэн нь байж, уулс толгодоо давуулан бодлоо бэлчээдэг, үгэлж яншаад байхгүй хэрнээ харцаараа бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй ч сэтгэл зүрхэндээ бүхнийг багтаадаг монгол эрчүүд, шаналал, ухаан, зориг цусаараа өнөөгийн монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн.

Айл гэр, улс гүрний амьдрал хувь заяаг нуруундаа авч явах тавилангийн эрхээр арай л холыг харж, уужим сэтгэнэ. "Өнөөдрийн уушгинаас маргаашийн уушги" гэдэгчлэн, өдгөө болж байгаагаас илүүтэй маргааш яаж амьдрах нөгөөдөр хэрхэн хөгжиж дээшлэхийг эр хүн бодож олж, зориглон шийдэх учиртай. Тиймдээ ч ухаанаа төвлөрүүлж, бодлоо цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ дааж явах нь өөр хэний ч бус эр хүний л үүрэг гэнэм.

Учирч буй баяр жаргалд уухай хадуулан хөөрч орилоод байхгүй, уй гашуу зовлонд уйлж унжин нус нулимс болоод байхгүй сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг. Эр хүний хатуу болоод үнэн үг, нөмөр нөөлгийг хэн хүнгүй хүсч байдаг. Хамгийн хүнд хэцүү мөчид эр хүний ханхар цээжийг түшиж, энхрий дотно үгийг нь сонсож, нөмөр нөөлгийн дулааныг мэдрэхийг л хүн бүр хүсдэг.

Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг эр хүн өөрөө л үүрдэг. "Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа" гэдэгчлэн, хийсэн сайн үйлийнхээ төлөө, өөрийгөө магтаж хөөрцөглөөд байхгүй, саар муу үйлийнхээ төлөө гуньж гутрахгүй, зовсон ч зовоогүй юм шиг "зовхи нь өөдөө", жаргасан ч сархдад сагаж "доош уналгүй" явах нь эр хүний эрхэм чанар гэнэм.

Ханилсан хань, хайрлаж өсгөх үр хүүхдийнхээ өмсөх зүүх, идэж уух, хаа хэрхэн амьдрахыг эр хүн л шийднэ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, харьцуулан тэнцүүлэх ухаандаа хайр энэрэлээ авч явдаг. Үргэлж үнсэж, хөөрхийлээд байхгүй ч өр зүрхэндээ бүхнийг багтааж, ам хэлээрээ бус ачлал энэрлээрээ бүхнийг авч явдагт л эр хүний ухаан оршдог.

Эрт цагаас эдүгээг хүртэл "монгол эр хүн" гэдэг ийм л байсан. Ийм л эр хүний нуруун дээр монгол ахуй, монгол амьдрал, монгол төр тогтож ирж.

Өнөөдөр
"За эр хүн байна даа наадахаа уучих
Эр хүн байж энүүнд дээрэлхүүлээд байх даа яахав дээ
Эр хүн байж эхнэртээ толгойгоо мэдүүлээд байхгүй шүү
Эр хүн юм бол гараад үзчихье
Эр хүн байж новшрохгүй шүү" гэх нь "эр хүнийг үнэлэх үнэлгээ ихэд өөрчлөгдөө юу даа" гэсэн бодол төрүүлнэ. Энэ муусайн эрчүүд" хэмээн амьдралын хүндийг үүрч, өрх толгойлж яваа бүсгүйчүүд зэвүүцнэ.

Өөрийн эхнэртээ бүхнийг мэдэмхийрэн зааж, үр хүүхэддээ хүртэл байнга үглэн шаналгана. Оролцохгүй мэдэхгүй зүйл үгүй хэрнээ, өөрөө юу ч хийхгүй, өчүүхэн өө сэвийн төлөө үргэлжид хэрүүл маргаан дэгдээх эрчүүд. "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан" сүржигнэх нь "юм үзээгүй" муу эрийн шинж гэдэг.

Саад тотгор, бэрхшээл зовлонгийн өмнө сөхөрч, сархаданд толгойгоо мэдүүлэн, нус нулимстайгаа хутгалдаж, авааль эхнэр, үр хүүхэддээ арслан бар шиг архирч, аагтай бусдын өмнө нохойн гөлөг шиг шарвалзах эрчүүд савнаасаа бусдыг дийлэхийг санаархаж сархданд толгойгоо мэдүүлсэн эрийн хийморь нь, сархадны шилний ёроолд байдаг гэнэм.

Бүтээж хийсэн зүйлгүй, үүрч даасан зовлонгүй атлаа, энд тэндхийн хов живэнд эмс хүүхнүүдээс дутахгүй хутгалдаж, хийсэн бүтээснээ биш, хий мөрөөдлөө "бүлт бүлт үсрэх" нь "Сайн эр явснаа, муу эр идсэнээ" гэдэгчлэн, хоногийн газар үнэн үгэнд гүйцэгдэнэ гэдгийг ухаарахгүйн хар гайгаар, худал үг, муу үйлдээ гүйцэгдэн үнэ хүндээ бардаг юм.

Маргааш
Нэгэн үе монголчууд "гал манах" охин үрдээ илүү анхаарал тавьж, "хил манах" нуган үрдээ бага анхаарал тавьж байсан нь өдгөө буруу муу яваа олон эрчүүдийн өөрийгөө өмөөрөх шалтаг болж. "Гал манах" амаргүй ч "хил манах" түүнээс ч амаргүй. Өдгөө цагт өрх айлд байгаа үр хүүхдийн тоо цөөрч "гангар шаазан" шиг хэврэг хүүхдүүд олширч. Ядахнаа л удам залган, хил манах "нуган үрээ", эрх танхил биш "эр хүн" болгон өсгөж хүмүүжүүлэх нь өөрт тань төдийгүй улс гүрэнд хэрэгтэй сэн. Албадаж шаардаж, аргадаж учирлаад ч болсон ажилч хичээнгүй, хөдөлмөрч болгож сургах сан. Бага гэлтгүй ажил хөдөлмөр л хүүхдийг "аргыг нь олох" ухаан, хичээнгүй нямбай, тэвчээртэй болгон төлөвшүүлнэ.

Бас уйлж дуулуулаад ч болсон үг дааж сургахсан. "Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш" гэдэгчлэн өөрийнх нь алдаа оноо, үйлдлийнх нь буруу зөвийн төлөө уурлаж, учирлаж хэлсэн бүхнийг ухаарч тунгаан өөртөө шингээдэг болно. Бүсгүй хүнийг энэрч хайрлах ухаанд сургахсан. Ээж минь төрүүлж өсгөсөн, эгч минь ачилж өсгөсөн гэхчлэнгээр энэ ертөнцийн эмэгтэй хүн бүхэн "ач буяны тэнгэр" юм шүү хэмээн ухаарна. Амьдралаа авч явах ухаанд сургах сан. Алс хэтдээ амьдралын хүндийг нуруун дээрээ үүрнэ гэдгийг ухааруулж, эрдмийн их далайд "гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд" хүргэнэ. Монгол хүн мориндоо мордсон бол ертөнцийн талд хүрч чаддаг гэдгийг бидний агуу өвөг дээдэс харуулсан. Хамгийн муу муухай зуршил болох архи тамхинаас л хол байлгах сан.

Бусармаг цаг үеийн золиос нь бид байж болох ч хойч үе, үр хүүхэд минь бидэн шиг байгаасай гэж хэн ч хүсдэггүй. Тэд биднээс илүү сайхан орчинд биднээс илүү сайхан амьдарвал тэдний үр хүүхэд бас л илүү амьдрах болно. Цаг цагт алсрах энэ л нугачаанд та бидний үр хүүхэд улам улмаар сайхан амьдарцгааж, удам угсааг тань таслахгүй. Эрдэнэт хүний энэ ертөнцөд үлдээх их мөр энэ буюу.

Эрчүүдээ хайрлацгаая
Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла.

Өөрт тань"мундаг хүн" харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла.

Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралтаж яваа ааваа хайрла.

Хүнд хэцүү цагт бие биедээ түшиш болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" явдаг эрчүүд ээ бие биеэ хайрла.

АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах

Tuesday, March 18, 2008

МОНГОЛЫН САЙХАН ЭРЧҮҮД

Монголын сайхан эр хүнийг би ааваараа л төсөөлдөг. Хөдөө талд, агсам морин дээр хөндөлдүүлэн сууж, "Эр бор харцага"-ыг эрдүүхэн хоолойгоор аялаж, тэртээд идээшлэх адуун сүргийн зүг салхи татуулан давхиж, уул тал нутагтаа эзэн хүн шиг эрвэлзэж яваагүй ч, олон аавын үрсэд эрдэм ном зааж, бас сургууль удирдаж, амьдралд алдаж, онож, бүдэрч яваа "хэцүү" нэртэй хүүхдүүдийг "хүмүүжүүлэх" их үйлсэд зүрх сэтгэлээ зориулж явсан жирийн л нэг "сурган хүмүүжүүлэгч" хүн байсан даа аав минь.

Үглэж яншиж, загнаж зандарч байгаагүй ч аавын минь харц л "буруу". "зөв"-ийн шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх "хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын минь чиг шугам, бас "ухаарал” минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь "зовлон шаналал", бас "баяр баясгалан" минь байсан.Аав минь та айл гэрийн ноён нуруу, ээжийн минь түшиг тулгуур, халамжит хань, үр хүүхдүүддээ уул мэт нөмөр нөөлөгтөй, монголын сайхан эр билээ. Уул мэт нөөлөг, уужим саруул, холч мэргэн бодол, ховорхон заяах хайр халамж, энэ бүхэн монгол эр хүний шинж билээ.

Нэг. Өрхийн тэргүүн.

Ерээд оны дундуур Завхан аймгийн нутагт Марз уулыг мөргөж сүйрсэн, МИАТ-ын "Ан-26"онгоцны ослын үеэр, миний бие оршуулгын комисст орж ажилласан юм, Хар дарсан зүүд шиг хүнд хэцүү өдрүүд өнгөрч, осолдогсодын шарилтай салах ёс гүйцэтгэх сүүлчийн өдөр, Монголын төр засгийг төлөөлж,тэр үеийн Мoнгол улсын ерөнхийлэгч П.Очирбат, ерөнхий сайд П.Жасрай гуай нар хүрэлцэн ирсэн юм. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг салах ёс гүйцэтгэн, эмгэнэл илэрхийлж, шарил бүрийн дэргэд очиход, өдий болтол сэтгэлээ барьж, нулимсаа тэвчиж асан бүх хүн өөрийн эрхгүй уйлж байхыг хараад, "төрийн тэргүүн", "өрхийн тэргүүн" гэдэг ямар их өмөг түшиг, итгэл найдвар байдгийг ойлгосон доо. Хэн нэгэнд гомдож тунисан өөдөсхөн жаахан үр нь, аавыгаа гараа тосон, хошуугаа цорвойлгон аргадах төдийд л чанга дуугаар бархиран уйлж очдог шиг, идэр насандаа амьдралын хүнд хэцүү нугачаанд алдаж бүдрэхдээ аавдаа л очиж, хатуу үгийг нь сонсож нулимс унагаадаг, өтөл насандаа, тэнгэрийн оронд очсон аавынхаа зургийн өмнө зовлон шаналлаа шивнэн тайтгардаг, сэтгэлийн нандин холбоос Монголоос өөр үндэстэнд бий билүү. Өрх гэрийн бүх л хэрэгцээ, хэзээ нүүж, хаана нутаглах, хаана суурьших, үр хүүхдүүдийн өмсөж зүүх, идэж уух, сурч боловсрох бүх л зүйлийг гагцхүү өрхийн тэргүүн "эр хүн"л олж , бас шийддэг болохоор, гэр бүлээрээ хүндлэн дээдэлж, "үгийг нь сонсдог". Тиймд хүссэн ч, эс хүссэн ч эр хүн энэ бүхний төлөө бодож сэтгэх, хөдөлмөрлөх, бусадтай ойлголцох хэрэгтэй болдог. Өрх гэрийг толгойлон авч явна гэдэг амаргүй. Үүний төлөө эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ядаж л эхнэр хүүхдээ мөр бүтэн явуулж байж, өөрийгөө гоёх, гэдэс цатгалан явуулж байж, хааяа нэг ууж идэх эрхтэй болох жишээтэй. Өөрөө зөв бодож, зөв ярьж, биеэ аятайхан авч явж байж үр хүүхдээ сургаж, зэмлэх хэрэгтэй болдог. Үгүйдээ л үр хүүхэд, хань ижлийнхээ өмнө өдөр бүр харагдаж байдаг "амьд үзүүлэн" болохоор "хэл хальтирч", "хазгай гишгэх" эрхгүй. Өнөөдөр өрх толгойлсон эрчүүдээс гадна, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай олонтаа ярих болжээ. Монгол эрчүүд цөөрөөд байгаа юм болов уу, эсвэл "ноён нуруу нь хугараад байгаа " юм болов уу, нэг хэсэг нь тооноо өргөж даахгүй байгаа юм болов уу?
Амьдралаа сайн сайхaнаар авч , "өрх толгойлж” яваа сайхан эрчүүд олон байгаа хэдий ч, арчаа муудаа амьдралаа авч явж чадахгүйдээ хүрч, "өрх толгойлуулж” яваа нэгэн байх. Ямартай ч эр хүний ноён нуруу "бат бөх" байж, эхнэр нь "малгай бүсийг " нь дээш нь залж хүндлэн, үр хүүхдүүд нь "үггүй зэмлэсэн харцнаас нь" ухаарал авч, айл гэрийн багана нь тэгш байж, тулганы гал нь үргэлж асаастай халуун дулаан гэр бүл олшрох болтугай.

Хоёр. Эр хүний сүлд хийморь.

Бидний багад 3 жилийн цэргийн алба хаасан эрчүүд гэдэг, ямар өнгөлөг, жавхалзсан, бас цог золбоотой харагддаг байсан гээ. Тэдний хөлөө ороож, гутлаа нүүр харагдам тослох, дээлээ цэвэрхэн өмсч, бүсээ жавхалзтал ороохыг хараад, "хэзээ ийм сайхан эр болж" айл айлд хүндлүүлж явах бол доо гэж , битүүхэндээ атаархал, мөрөөдлийг хослуулдаг сан. Энэ зууны эхээр Бээжин явах замдаа Замын -Үүд боомтоор хил гарах үед, галт тэрэгний цонхоор хилийн харуулд зогсож байгаа монгол цэргийг хараад гайхсандаа дуу алдах дөхөв. Хаврын хавсарган өдөр байсныг хэлэх үү. Туранхайвтар, биеэр жижиг цэрэг, үүрсэн буундаа түүртэж, даарч бээрсэндээ эгээ л хөдөө айлын авгай шиг хоёр гараа ханцуйвчилж,малгайны чихээ буулган бүчилчихсэн, арай л нус хулимс нь гоожиж харагдаагүй байх.
Даан ч дээ. Бүхэл бүтэн тусгаар улсын хилийн харуул, ингэж цог золбоо бүү хэл, сүр сүлд ч үгүй зогсоо нь, Монгол орны минь сүр сүлд үгүй болсныг илтгэх мэт. Улс орны минь сүлд хийморь, эр хүний сүлд хийморь хаачаа вэ? Саяхан нэг завандаа Монголын хошин шогчдын тоглолтыг интернетээр үзлээ. Тэдний үзүүлж байгаа монгол эрчүүдийн дүр нь, арчаагаа алдчихсан архичин, эхнэртээ дарамтлуулж байгаа өрөвдөлтэй эрчүүд. Энэ бухимдалтай цаг үед тэд юyг үзүүлж, юуг сурталчилж, хэний "тархийг угаагаад" байна вэ? Энэ бүгдийг үзээд элгээ хөштөл инээлдэж байгаа монголчууд минь, хэнийг шоолоод байна вэ? Монгол эрийн сүлд хийморийг гутаан, доройтуулах замаар, Монгол төрийн сүлд хийморийг доройтуулах "харь" бодлого явагдаад байгаа юм биш биз?! гэж хардах боллоо,
Үнэн байдлыг л өгүүлж байна шүү дээ, сүртэй юм гэж ширэв татах нэгэн байх биз.
Гэвч “амны билгээс ашдын билэг", "урмыг нь хугалахаар ууцыг нь хугал" гэж Монголчууд бид хэлэлцдэгсэн. Монгол эр хүн гэхээр л архи ууж , эхнэрээ араар нь тавьж байдаг, эхнэр нь харааж загнаж, дарамталж байж гэмээ нь амьдралд чирч гулдарч, авч явдаг гэсэн бусармаг ойлголтыг энэ нийгэмд төлөвшүүлж орхивол яах юм бэ?! Монгол эр хүний сайн чанарыг өгүүлсэн Ч.Лодойдамба гуайн "Хугараагүй ноён нуруу”, С. Эрдэнийн "Өвгөн шувуу" өгүүллэгүүдийг уншаагүй, "Тан руу нүүж явна", "Ирж яваа цаг" киног үзээгүй атлаа, хошин шог үзэж, хип хоп үглэлдэж яваа, салтаа нь тээр дор өмд, хүйс нь гарсан цамс өмссөн хойч үеийнхэн минь, монгол эр хүн бүдүүлэг, соёлгүй, болoвсролгүй, архичин хүмүүс, гадаад эрчүүдийн хаана ч хүрэхгүй гэсэн ойлголттой болчихвол яаx билээ?! Яагаад монгол эрчүүдийн уужим саруул ухаан, холч тавиу бодол, ууч сэтгэл, тэр болгон ил гаргаад байдаггүй хирнээ зүрх сэтгэлээс нь гэрэлтэж байдаг хайр, халамжийн тухай бичиж, үзүүлэхгүй байна вэ? Зөвхөн монгол эрчүүдийн тухайд л ярьдаг, малгай бүсэнд нь байдаг гэж сүсэглэн итгэдэг, "сүлд хийморийн" тухай дурсахгүй байна вэ?
Эмэгтэй хүний хайр, хүндэтгэл, итгэлд нь бадарч байдаг, монгол эр хүний сүлд хийморь нь Монгол орныг өдий дайтай авч ирсэн гэж би итгэдэг. Монгол эр хүний хийморь, цог золбоо нь цусанд нь, ухаанд нь,тэсвэр тэвчээрт нь байдаг юм шүү.
Монгол эрчүүд минь сэргэцгээх цаг болжээ. Та бидний нуруун дээр монгол өрх төдийгүй монгол улсын минь хувь заяа буй.

Гурав. Монгол эрчүүдээ өмөөрөхүй.

Монгол эрчүүдэд минь буруу муу зуйл олон бий. Гэвч яагаад ийм болгосныг эргэн харцгаая.
-1937 оны их хэлмэгдүүлэлт. 1990 он хүртэлх МАХН-ын ялгаварлан гадуурхах, хавчин шахах бодлогод монгол эрчүүд илүүтэй өртсөн. Тэдэнд, санамсаргүй байж байгаад хэрэгт холбогдон шоронд хоригдох, санаандгүй байж байгаад арга хэмжээ авахуулах зэрэг нь "зүрхэнд нь орж", "аймхай хулчгар", бас "зусар зулгуй" байх замыг сонгуулсан. Их "айдсын" ул мөр өнөө ч хүртэл арилаагүй болохоор, хүмүүс үнэний төлөө тэмцэж чаддаггүй. амиа хичээсэн бэртэгчин байдалд орсон нь нууц биш. Ямартаа л "Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг" гэсэн алдарт хэллэг хүмүүсийн уншлага болох билээ. Харин ч харь оронд хөл тавьж, амьдарч байж мэдрэх болсон хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь монгол эрчүүдийг бага ч атугай өөрчилсөөр байна.
-Социализмын үед хөвгүүдээ цэрэгт явуулж, охидуудаа сургуульд сургадаг байсан гаж үзэгдэл нь, эрчүүдийн боловсрол эзэмшин хөгжих их боломжийг хаасан.
"Хүү яах вэ, Цэрэгт явж ирээд амьдралаа аваад явчихна. Энэ муу охин л сургууль соёлд явахгүй бол, арчаагаа алдаж, хүний гар харахад хүрнэ" гэсэн шилжилтийн үеийн нүүдэлчин сэтгэхүй, өнөөдрийн олон олон боловсролгүй эрчүүдийн доромжлуулах шалтаг болсон. Та ч гэсэн эргээд нэг сана даа. дунд сургуульд танай ангид хэдэн хөвгүүд байгаад, техникум, их дээд сургуульд хэдэн хөвгүүд байсан бэ? гэдгийг, Хүйсний харьцаа 50:50 байснаа 30:70 болсон гэдгийг бид лавтай мэднэ
-Монгол-Зөвлөлтийн аугаа их, гандан бууршгүй найрамдал , монгол эрчүүдийг "архичин" болоход багагүй нөлөө үзүүлсэн. Охидууд нь мэргэжил эзэмшин алба хашиж, эрчүүд нь социализмын материал техникийн бааз барьж байгуулахад, Зөвлөлтийн мэргэжилтэн "ах" нартайгаа гар болон хундага нийлүүлэн ажиллацгаасан. Ахмад настны дэргэд ичиж зовон, хахаж цацан мөнгөн аягатай нэрмэлээс "амсдаг", "Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу" гэдэг сургаалиар хүмүүжиж асан монгол залуучууд, цагаан архи, "водка', "бараашиг" хэмээх хатуухан ундааг орос ах нарын зааж сургаснаар, стакан стаканаар нь "татаж”, бас болоогүй араас нь хар талхийг тааламжтайяа үнэрлэж сурсан. Эцэст нь бүх шатанд суурилсан “хүнд суртал” нь "архи” хэмээх авилгалтай хамтдаа хөгжиж, монголын нийгмийг хамардаг болсон нь ч нууц биш. Социализмын материал техникийн баазын үлдэгдэлтэй хамт, архичин эрчүүдийн үлдэгдэл багассаар байна, Бүх зүйлийг мөнгөөр тооцоолж байгаа энэ цаг үед архинд бус талханд мөнгөө зарцуулах хэрэгтэйг мэдэрч байгаа болохоор бас ч учир байнаа.
-Монгол эрчүүд гол төлөв цэргийн алба хаадаг байсан, одоо багассан хэдий ч бас л хаасаар байгаа. Зохион байгуулалт муутай, зорилго чиглэл нь тодорхой бус Монголын арми, дотроо оршин байсан "дэглэлт" гэдгээрээ монгол эрчүүдийг хагаралдуулж, "хүчтэй нь хүчгүйгээ" гэдэг зарчмаар өш хонзонгийн талбар болгосон нь бас л үнэн. Чухам эндээс л ихэнх эрчүүд , худлаа ярих, өөрийгөө хоосон магтах, онгирч сагсуурах эрдэмд суралцацгаасан. Зөндөө олон цэргийн алба хаасан найзууд болон эрчүүдийн яриаг сонсож сууxад, бүгд л "жа”, "атаман” байсан тухай ярина. Лав л дэглүүлж байсан тухай нэг их сонсоогүй юм даг. Өөрсдийн бүдүүлэг, хэрцгий байдлаа үндэсний "баатар"-ын хэмжээнд сурталчилж бахархах үзэгдэл монголын арми, хорих газруудаас үүдэлтэй. "Армийн жа", "Халхын шорон” гэдэг хэллэгүүд эндээс л гарсан. Энэ бүхэн үеэ өнгөрөөжээ. Одоо олон юм өөрчлөгдөж байна. Тэнэг бүдүүлэг, замбараагүй, балмад хэрцгий байдлаараа бахархaж гайхуулах бүү хэл, ичиж зовох цаг иржээ. Бидний үзэж өнгөрүүлсэн цаг үе, социализм байгуулах хоосон мөрөөдөл, хүний эрх чөлөө, оюун санааны эрх чөлөөний хязгаарлалт, хардлага, хавчлага, элдэв дарамт, гадаад ертөнцөөс таслагдсан байсан үеүд монголын ард түмэнд, түүний дотор эрчүүдэд илүү хүнд тусч муугаар нөлөөлсөн. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэгчлэн олон юм өөрчлөгдөж, тэр хирээр монгол эрчүүд ч өөрчлөгдөж бөйна. Тэднийг бүү муулж, доромжлогтун! Одоо л тэдэнд бусдын итгэл, хүндлэл, тэвчээр хэрэгтэй байгаа. Монгол эрчүүдийн хийморь сэргэж, тэд дэлхийн тавцанд гайхуулах цаг ирнээ.

ТӨГСГӨЛ

"Эр хүн эр хүндээ хайртай"гэдэг үгийг эрчүүд бид архи уухдаа бус, бие биеэ дэмжин, хамтран ажиллахдаа хэлдэг болох цаг ирж байна. "Эр хүн" гэдэг үгийг, ямар ч үед хэлсэн амалсандаа хүрдэг, элдэв хов жив, цуу ярианд автдаггүй, алив зүйлд өөрийн бодол санаагаар ханддаг эрчүүдэд зориулан хэрэглэдэг. Алив асуудлыг олон талаас нь харж ухаалаг шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртээ эзэн нь болж хэрэгжүүлж чаддаг, хань ижил үр хүүхэддээ халамжтай, тэднийгээ хангалуун амьдруулж чаддаг, ямар ч үед онгирч сагсуурдаггүй даруу байж чаддаг эрчүүдийг монгол бүсгүйчүүд хүсдэг билээ. Одоо хавар болж, урь орж, ундэстэй болгон дэлгэрсэн, дулаахан сайхан улирал айсуй. Үүн лугаа адил, хүмүүсийн амьдралд ч элбэг хангалуун, сэтгэл тайван, хүссэнээрээ амьдрах цаг үе ч айсуй. Монгол эрчүүд маань ч монгол бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийн ханхүү болон хувирах боломж бий болж байна. "Юм үзэж нүд тайлсан", энэ биедээ эрдэм ухааныг "цогцлоосон", алив зүйлийг "долоо хэмжиж нэг огтолдог", их дөлгөөн мөрөн шиг "даруухан" сайхан монгол эрчүүд олширноо. Та нартаа удахгүй болох монгол ардын армийн өдөр буюу өнөө цагийн "эрэгтэйчүүдийн” баярын мэнд дэвшүүлье! Та нарын минь сүлд хийморь өөдөө байг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Wednesday, March 5, 2008

ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР

3 дугаар сарын нэгэн - Эх орончдын өдөрт

1. Ариусал

…Үеийн үед өвөг дээдэс маань чулуунд хүслээ шингээж, овоо босгон хилээн тойруулдаг байжээ. Хил манасан овооны чулуундаа өвөг дээдэс минь эх орноо хайрлах, түүнийгээ ариун дагшин байлгах эрхэм сэтгэлээ үлдээж эрх чөлөөг бидэнд өвлүүлжээ. Чулуу бүхэнд нь эх орны амь шингэж, эх орончдын сэтгэл хоргодсон Монголдоо бид хайртай.
Угшил нутаг Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошууны Бүрэнгийн уулс, Хайрхан, Баян гүнээс миний эх орон эх орон эхэлдэг. Унтрашгүй тэмүүлэлт Монгол ахан дүүсийн минь зоримог харцнаас миний Монгол эхэлдэг. Анхны хайр, бороотой үдэш, гандмал навчис, яргуйн хөх туяанд ч эх орон гэрэлтдэг. Хаа сайгүй гэрэлттдэг гэрэл учраас тэр өглөө бүхэн нартай хамт манддаг юм.
Эх орон гэрэлтэж байна !


2. Уриа
Эртний Персийн нэрт түүхч Рашид-Аддин: “Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байжээ. Учир нь Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа удмыг нарийн чанд сахин баримталж, төрсөн хүүхэд болгоноо удам угсаатай нь танилцуулж сургадаг заншилтай байсан. Ийм учраас удам угсаагаа мэдэж явдаг Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилтай байгаагүй юм“ хэмээн бичиж үлдээжээ.
Чухамдаа “Эх орон” гэдэг эцэг өвгөдийн үеэс нааш үе улиран идээшиж дассан төрөлх нутаг, хэл, үндэсний соёл зан заншлаас эхлэх нийгэм эдийн засгийн болоод улс төрийн ойлголтыг багтаан агуулах уламжлалт сэтгэлгээ юм. Эрх чөлөөний хамгийн сайхан үр жимс нь зүрх сэтгэлдээ эх орноороо бахархаж түүнийхээ хөгжлийн төлөө өөрийгөө зориулах ард түмний сэтгэлийн гүнд ургадаг. Тийм ч учраас “Бахархлын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол Үндэсний бахархал билээ”. /Шопенхауэр/ Ийнхүү үндэс удмаа сурвалжилж, овог шаштираа мэдэх нь эх оронч үзлийн эхлэл, эх оронч байхын босго буюу.

Жил бүрийн 3-р сарын 1-ийг “Эх орончдын өдөр” болгохоор шийдвэрлэсэн нь эрхэм санаа юм. Үнэндээ манай Монголчууд найр наадамд хэт туйлширч, хавтгайруулан учир утгатай болоод учир утгагүй зугаа цэнгэлд хайран цагаа үрэх нь цөөнгүй.
Гэвч “Эх орончдын өдөр” нь тэдгээр баяр ёслолын өдрүүдийн тэргүүн магнайд тэмдэглэгдэж утга төгөлдөр орших ёстой. Үе үеийн эрх чөлөөний тэмцэгч эх орончид, бидний өвөг дээдэс халуун цусаан асгаруулан мөнх хөх тэнгэрийн дор энэ эх орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ ноцож, амьдаралаараа бамбар хийн түүхэнд гэрэл нэмсээр ирсээн. Энэ ёслол бол зугаа цэнгэл, хоосон хийрхэлийн өдөр биш Монголын ард түмэн түүхэндээ гүн хүндэтгэл үзүүлж үндэстнийхээ эрдэнэ болсон эх орончдынхоо гавъяаг дээдэлж, хойч үеийнхээ үр ач нартаа үнэт сургамжаа өвлүүлэн үлдээх ариун ёслол байх учиртай.
“Монгол хүн утга учиртай амьдарч, монгол улс үеийн үед оршин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн“ гэж Н.Багабанди гуйн хэлснийг онцолмоор байна.
Өнөөгийн залуусын цээжинд төрийн дуулал эгшиглэж өнгөрсөн эдүүгээг жишин, ирээдүйдээ сэтгэл хандуулан, цаг давчуу, зорилго эрмүүн алхаж явахад бас ч цөөнгүй зарим нь төрийн дууллын үг байтугай эх түүхээ умартан, олон ангит кинонд олон амжилт бүтээлээ золиослонхон, шөнө үдшийн цэнгүүнд цаг наргүй зугаацан, залуу халуун насаа үрж хожмын гэмшилд хальтирч байна.

Ердөө л цөөхөн, буурай гэсэн тодотголоор өнөөдөр цоллуулсаар буй эх орон минь орчлонгийн алслагдан одсон цаг хугацаанд баатарлаг суугаар бичигдэж, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөөхийлгөж явсаан. Тэд маань Хаан завилгаатай, Хатан зохироотой домогт түүхийг бүтээсэн юм.
“…Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” хэмээн АНУ-н Ерөнхийлөгч Никсоны хэлсэнчлэн, өнгөрсөн түүхийнхээ цогшсон гэрэлд өнөөдөр бараадаж яваа Монголчууд ирээдүйн “хөгжлийн их гал”–ыг ноцоож цаашид тоо нь цөөн ч ухаан нь өндөр, эд нь бага ч чадал нь хүчирхэг гэгээрлийн түймрийг бадраагаасай.

Монголын түүхэнд товойн шалгарсан эрдэмт хөвүүн Анандын Амар Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1939 оны 3-р сарын 6-нд баривчлагдахдаа: “Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг нэгэнт мэдсэн... Би хэдийгээр шашин шүтлэгтэй боловч миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг... Би улс орондоо хайртай. Би үүнийг өөрийн биеэр үзүүлсэн” хэмээн өчиж байлаа.
1941 оны 7-р сарын 10-нд Зөвлөлтөд түүнийг цаазаар авах ял оноон эцсийн үгээ хэл гэхэд А.Амар: “Том гүрэн жижиг улсыг колончлоод удирдагчийг нь баривчилдаг нь байнга л тохиолддог явдал. ЗХУ Монголд мөн л ингэж хандаж байдаг гэдгийн нэг том жишээ нь би өөрөө болоод байна” хэмээн юунаас ч эмээлгүй өчжээ. Тэрээр гуйвашгүй зүтгэлтэн, эх орноо гэсэн эрэлхэг хөвүүн байлаа. Бид тэрхүү “нэг том жишээ”-г мартах ёсгүй ээ. Жижиг улсын зовлон их ч, өс хонзонгоо авъя гэж хэлсэнгүй, гагцхүү тийм эрэлхэг зоригтой, эх орондоо үнэнч мянга мянган охид хөвгүүдийнхээ хүчээр бид өдий зэрэгтэй яваагаа л мартаж боломгүй ээ. “Үхлийн ял сонсож байсан тэр хүмүүс үндэстний аугаа их төлөөлөгчид болох нь цөөнгүй” хэмээн Э.Ренаны хэлсэн үг тохиолдлынх биш ажээ.

Ирээдүй сүмбэрлэх хөгжлийн галд цучил нэмэх элэг нэгт ахан дүүсээ, үндэс хийгээд үндэстнээ хайрлаж, хүн төрөлхтөний болоод өөрсдийн бүтээсэн түүхээс суралцъя, уулыг нурааж, усыг эргүүлэх хүч чадлаа зорилготой амьдралд итгэл дүүрэн зориулъя!



1.Хорьдугаар зууны эхлэл хийгээд Эх орончид

Хүн хөлөөрөө эх орныхоо шороонд шигдэн
ургах ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байг.
Д.Сантаяана

...Ойрноос борооны үүл хурмаар аядах ч ган гачиг тайлагдалгүй уджээ. /1901,1903,1904 онуудад Монгол орныг өргөн хамарсан их ган болжээ/
Улайсч хөлөрсөн наран үүлгүй шахам тэнгэрийн гүнээс өвсний ёзоорыг шарлатал нь жигнэж хүн малыг нозооруулам төөнөнө.

Өргөн уудамхан талд агь гангын үнэрт хэсүүчлэх хуурай шаргал салхи үес үесхэн сэвэлзэхэд ган тайлагдахыг царайчилж, хур бороо горилсон малчин ардын сэтгэл байгаль ертөнцийнхөө аясыг даган ундуйцана.

Гэвч тэдний “жинхэнэ зовлон”-гийн дэргэд хэдэн жил дараалах ган гачиг юу ч биш байлаа. Зүрх сэтгэл, оюун бодлынх нь хязгаарт ямар ч үнээр болов эдгээх сэтгэлийн шаналан оршино.

Тэр зовлон бол “Харийн дарлалыг устгаж, улс орноо тусгаар тогтнуулж, ардын эрх чөлөөгөө олж, улс шиг улсаа бадрааж, хэдэн зууны өмнө түүхийн хуудаснаа алтан үсгээр гэрэлтэх гавъяаг байгуулж төр улсаа төвхөнүүлж явсан өвөг дээдсийнхээ өв их сан, баялаг уламжлалаа сэргээхийн хүслэн, зохируулахын зорилго билээ”.

Эх орны эгэл чулуу, ус мөрөн, хөрс шороо, мөнх хөх тэнгэр, намхан бор толгод, хүлгийн дэлэнд шингэсэн тэр нандин хүсэл бүхнээ хамгаалахын мөрөөдөлд Монгол улс шаналж байсан юм. Чухамдаа Эх орондоо учирсан шархыг ард түмний хэлтэрхий хэн нь ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байдаг болохоор тэд ийнхүү шаналж байлаа.

Энэ үе бол Манж чин улсын Бадаргуулт Төрийн 26-р он, Нийтийн тооллын 1900 он бөгөөд Хүн төрөлхтний түүхийг донсолгосон Хорьдугаар зууныг туулах түүхэн мөчлөгт ирээд байв. Ард түмэн түүхээ бүтээдэгийн язгуураар энэ зуунд Монголчуудын орших, эс оршихуйн орчин үеийн тэмцэл сонгодог утгаараа өрнөсөн юм.

1900 онд Хаант Орос улст монголын элч хоёронтаа тусламж гуйх бичиг хүргэв. Да лам Бадамдорж, дончир лам Цэрэн-Очир нар их хүрээнээс сэм одож Петербургт Оросын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа, Түшээт хан аймгийн ван Цэрэнбаавайн хошуунд феодалын дарлалыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Засагт хан аймгийн Луу жанжин гүний хошууны Энхтайван гэгч Улиастайн 2000 цэргийн бослого толгойлж, хорьдугаар зууны монголын эх орончдын ууган хөдөлгөөнийг эхлүүллээ. Монголын ард түмний хатан зориг ч ундарсаар...

Энэ нь цааш өргөжин тэлсээр “Их монгол” нэрт Шаравжамцын түрүүлсэн 1911 оны Богдын наадмын үеэр Богд тэргүүтэй засаг төрийн томоохон ноёд лам нарын 18 хүн Богд хаан ууланд сэм цугларч, нууц хуралдаан хийжээ. Уг хуралдаанаар Монголыг Манжаас тусгаарлах, энэ хэрэгт Орос улсаас тусламж гуйх, Богд хаант улсыг байгуулах зэргийг хэлэлцээд тусламж гуйх төлөөлөгчөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар сонгогдов. Тэд мөн оны 7-р сарын 29-нд Их хүрээнээс нууцаар мордож 8-р сарын 15-нд Петербургт очжээ.

1911 оны 10-р сарын 11-нд Хятадад Сунь Ят Сений удирдсан “Шанхайн хувьсгал” гарч Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсыг байгуулах шийдвэр зарлагдан Манжийн төр нурж буй энэ зуур Монголд тусгаар тогтнолоо сэргээх эх орончдын ариун үйл дүрэлзэж байлаа.

Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар /ХХБХТЕШГ/ гэгчийг 1911оны 11сарын 30-нд Түшээт хан аймгийн чуулган дарга улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын Долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэдний хамгийн эхний алхам бол Их хүрээн дэх Манж Чингийн эрхшээлийг унаган Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах үйлс байв.
Ер нь өвөг дээдэс маань зорилгодоо хүрэхийн тулд нарийн нандин арга, овжин ухаан, аян шалтгийг гарамгай олдог байсан түүхтэй.
Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар байгуулагдмагцаа Жибзундамба хутагтын Лүндэнг Өвөр монголын засаг ноёд, Барга, Алаша, Хөх нуурын Монголчуудад яаралтай дамжуулахдаа, Жибзундамба хутагтыг Хаан ширээнд өргөмжлөх гэж байгааг нэгэн зэрэг мэдэгдэж юуны урьд Халхын Дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргажээ. Ингээд хоёрхон хоногийн дотор хүрээний ойр хошуудаас 500 орчим цэрэг Түшээт хан аймгийн Жанжин Ханддоржийн шууд мэдэлд цугларлаа.
Гэсэн ч тэд шууд зэвсэг хэрэглэхийг урьтал болголгүйгээр цугларсан цэргүүдээр Манжийн эзэн хааныг хамгаалуулах зорилготой мэтээр Хүрээний Манж сайд Сань До-д хуурмаглан мэдэгдэхдээ:

”Сонсвоос дотоод олон мужууд тусгай улс болсон бөгөөд Гамин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй хэмээнэ. Манай халхын Монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тулд, суусаар үзэхэд сэтгэл дүвтэхгүй. Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган морьт цэрэг татаж Бээжинд орж Дайчин улсын Хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсгийг тоо ёсоор олгомуу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү” гэжээ.

Тэгэхэд Сань До бичгийг хүлээн аваад Их хүрээний Монгол сайдтай уулзах гэтэл элдэв шалтаг заагаад төлөвлөсний дагуу албаар уулзаагүй байна. Сань До яах учраа ологүй яамандаа сууж байтал хэдэн Монгол лам, ноёдын хамтаар Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ хэмээгээд Сань До сайдад:
“Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрхөд бэрх хэмээн татгалзах болов уу? Иймд Монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, Бүрэн эрхт Их Монгол улсыг байгуулж, Богд Жибзундамыг Хаан болгон өргөмжлөхөөр тогтжээ” гэж мэдэгээд, түүнийг харъяат албаны хүмүүсээ авч, маргааш нь хилээс гарч явахыг шаардсан байна.

Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхрагын дэвшилтэт эх оронч хүчин Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, Монгол үндэстний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэн боссоны дүнд мөн өдрийн 19 цагт Их хүрээн дэх Чин улсын сүүлчийн Сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гарах шаардлага тавилаа. Тэр даруйдаа “Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг” гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна. Ингээд 12-р сарын 3-нд Манж Чин улсын “Хэвт ёс”-ны тооллыг халж Монголын 12 жилийн цаг тоог баримтлан “Цагаагчин гахай жил” хэмээн нэрийдэв. Ийнхүү 1911 оны 12-р сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Mонгол улс байгуулагдлаа.

Нэгэн цагт ертөнцийн дайтыг ирт сэлмийн тохилт, эмээлт морины давхилаар нумлаж асан Монголчуудын тэнгэрт “төрийн од” эргэн гийж 200 илүү он ноёрхсон харийн дарлалаас ангижирсан бөлгөө.

Хэдийгээр арайхан олон улсад хүчин төгөлдөр зөвшөөрөгдөөгүй цаг зуурын шинжтэй байсан энэхүү эрх чөлөө нь өнө эртний түүхтэй Монгол нутгийн ариун голомтонд төр улсаа төвхөнүүлэн, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлийн үндсийг сэргээж, итгэлийн галыг ноцоож хойч үеэ гийгүүлсэн юм.

Нэгэн сонирхолтой баримт сөхөхөд:
Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны Наймдугаар сарын 6-нд Богд хаанд ийнхүү өргөн мэдүүлжээ :
“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж уг үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд Монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн бичжээ.
Тэнд гайхмаар баатарлаг тулалдаан болжээ! Өөрийнхөө хүчнээс 5 дахин илүү дайсны халдагчдийг хиар цохисон Монгол цэргүүд зөвхөн 1913 он гэхэд Хятадын цэрэгтэй байлдсаар 60 гаруй удаагийн тулалдаанд дайсныг ялж зөвхөн “Дархан уул”-ын хавьд Хятад цэргүүдийг бут ниргэж их буу 1, их бууны сум 304, пулемёт 1, пулемётны сум 5000, синсали буу 101, сум 150000, сэлэм 421, майхан 203, шинель 1074-ийг олзлон эх орондоо халдан довтлогчдод үхлийн цохилт ч өгсөөр байлаа.

Дээрхи тулалдаануудыг гарамгай удирдсан Л.Сумъяагийн байгуулсан гавъяаг Богд хаан тухай бүр хүндээр шагнаж байсан бөгөөд ард түмэнд “Сумъяа Бэйс” хэмээх нэр ийнхүү алдаршсан юм. Эрмэг зоригтой, цөөхөн ч гэсэн баатарлаг цэрэг эрсийн өвөг дээдэс нь болох 13-р зууны Их Монголчууд 1235 онд Өмнөд Сүн улсад дайлаар мордож Хувилай хаан 1271 онд Юань гүрнийг үүсгэх хүртэл 35 жил үргэлжилсэн их дайнд үндсэн 100 мянга орчим цэрэгтэйгээр Хятадын 30 гаруй сая хүнийг устгаснаар Гиннесын номд 1991 онд тэмдэглэгджээ. “Их юмны үлдэц” дайчин удмынхан өөрсдийгөө хэн гэдгийг мартаагүй бололтой.

Хожим нь 1921 оны 3-р сарын 18-нд мөн л Хиагт хот дахь 10000 гамин цэргийг Монголын хагас мянга ч хүрэхгүй хөвгүүд очиж түйвээгээд тусгаар тогтнолоо сэргээж Ардынхаа хувьсгалыг тунхаглаж байлаа. Энд нүүдэлчин Монголчуудын дайсныхаа цусыг асгаруулах авъяасыг онцлох гэсэнгүй ээ. “Хүний сүрийг өндрөөр нь хэмждэггүй шиг, ард түмний сүрийг түүний тоогоор хэмждэггүй, цорын ганц хэмжүүр нь тэдний оюуны хөгжил болон ёс суртахууны түвшин, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр байдаг” хэмээн нэгэн сэтгэгч айлджээ.
Тэгвэл ёс суртахууны чинад дахь хамгийн эрхэм зүйл нь төрж өссөн нутаг, өв соёлоо хайрлах түүнийгээ ариун нандин байлгах эрх чөлөөг эрхэмлэгч эх оронч үзэл билээ. Гагцхүү Хорьдугаар зууны Монголын түүхийг хувьсгалаар эхлүүлэгчдийн баатарлаг зориг нь эх оронч сэтгэлгээгээр хөвчрөгдөн төрөлх орон гэр, улс үндэстнээ хамгаалахад бүхий л хүч чадлаа зориулан ямар ч саад, хэдэн мянган бэрхшээлийг ч хага ярж чадах үндэсний тэмүүлэлт үзлийг нь өгүүлэх гэсэн юм. Тухайн цагтаа буурай бүдүүлгээрээ гоочлуулж өнчин ишиг шиг торойсон эх орон минь сэтгэл зүрхэндээ нүүгэлтсэн зовлонгийн бараан үүлийг хуу татаж намхан ч гэсэн тусгаар тогтнолынхоо овоог босгосон билээ

2. Эх орончдийн цуваа тасардаггүй, эх оронч сэтгэл мөхдөггүй
“Баатарлаг хүмүүсгүй орон азгүй” гэсэн үг нэгэн цагт сэтгэгчийн амнаас унажээ. Энэ үг унахдаа олон олон учрыг дагуулсан биз ээ.
Харин бид азтай ! Бүр од нь гийж оч нь гэрэлтсэн ерөөлтэй улс. Орчлонгийн бүхэл бүтэн зуунуудыг өөрийнхөө түүхээр овоглуулсан шалмаг нүүдэлчдийн удам.

Анхны төрт улс Хүннүгийн Модун Шаньюй үнэт зүйлсээ таягдан эх орныхоо сүр хүчийг өргөж, эрхий дарам газрыг бурхнаас ч харамлаж байсан гэдээг. Түүний түүхийг улбаалсан хэд хэдэн эзэнт гүрнүүд он цагийн уртад ээлжлэн төр барьсаар Хамаг Монголын эзэн, Хабулын удам, Есүхэйн хөвүүн Мянганы сод хүмүүн Тэмүүжин төрж анд Жамуухын хатуужуулснаар, ертөнцийг эзэлсэн баатар болсон юм. Их Монгол Гүрний эзэгнэл цаашлаад бага хаадын үе дуустал Монголчууд бид хэний ч өмнө өвдөг бохирч яваагүйг түүх гэрчилнэ. Чухамдаа Чин гүрний 200 гаруй жилийн ноёлолд л тэр эрхэм нандин чанартаа сэв суулгасан ч тэмцэн боссоор ирсээн. Чин гүрэнд өөрийн хүчгүйдээ бус зуурын эвгүйдээ автсан бөлгөө. Тэр бүх хугацаанд Монголчуудын зүрхэнд эх оронч үзлийн гал догширон, иссэн дарс мэт чангарсаар, гүн хөх утаагаа 20-р зууны эхдээр зад тургиж эхэллээ.

Түүний үр дүнд 20-р зууны ууган эх орончид болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч Богд Жибзундамба тэргүүтэн гүн, ван, бэйл бэйс хэргэмтэнгүүд болох Чагдаржав, Ханддорж, Цэрэнчимэд, Намнансүрэн зэрэг олноо алдаршсан эх орончид тодорсон юм. Тэднийг залгамжлан 1921 оны Ардын хувьсгалыг амжилтанд хүргэгчдийн эгнээ болох Данзан, Бодоо, Сүхбаатар болон журмын олон нөхдийн нэр урсах бөгөөд “Цэцэг нуурын дугуйлан”-гийн Ард Аюуш ч зүй ёсоор дуурсагдана.

Тэдний үеэс эхлэн 1990 он шахтал Оросын бодлогоор Монгол орон замнасан ч ард түмний зүрхэнд хоногшсон Догсом, Лосол, Дэмид, Гэндэн, Амар, Чойбалсан Самбуу, Цэдэнбал Лхагвасүрэн, Дандар, Олзвой гээд нэр нь үл дундрах эх орончдын цуваа үргэлжилнэ. Өнөөдрийн өндрөлгөөс хүмүүс эдгээр болон энд нэр дурьдагдаагүй хүмүүсийн хатан зоригийг бахдахаас гадна зарим нэгийг нь түүхэн шалгуураар шүүмжилж байна. Түүх түүхээрээ л үлддэгээс хойш тэдний эх орныхоо төлөө хийж бүтээж, тэмцэж ирснийг бас ч ойлгон тунгааж ухаарах хэрэгтэй.

Цухас дурьдан буй эх орончдын нэр ч 1990 ээд оноос эхлэн цааш үргэлжилнэ. Ардчиллыг авчирсан хувьсгалчид эдүүгээ бидний дотор төр түмний хэрэгт зүтгэж байгаа тул тэдний гавъяаг дүгнэхээ түүх шарлатал хүлээзнэе. Гэхдээ үйл хэрэг мөнх учраас ардчилал авчирсан залуусаараа бид бахархах ёстой. Энэ орчлонд амьд явахад хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэж юу байдгийг хүн төрөлхтөн зөвхөн Ардчиллаас л асуудаг юм.

“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн Ардчиллыг авчирагсдын нэг С.Зоригийн хэлсэн үг, ”Улс төр, эдийн засгийн хүрээнд нэгэн зэрэг шилжилт хийх нь Азийн орнуудад тохирохгүй гэсэн хандлага түгээмэл байдаг. Бидний Монголчууд ийм ойлголтыг эвдэж, цогц өөрчлөлтийг эрчимтэй хэрэгжүүлж байна...” хэмээсэн үг нь Вашингтон пост сонины 1998 оны шилдэг ишлэлээр шалгарч байсан Ц.Элбэгдоржийн үйл хэрэг хийгээд эвийг эрхэмлэгч, чигт шударгууд зүтгэгч зарим хичээнгүй түшээд, ард түмний дуу хоолой болсон эгэл иргэний харцнаас өнөөдөр бид эх оронч хүний итгэлийн галыг олж харна.

Нүргээн шуугиантай Хорьдугаар зуун Ленин, Муссолини, Мустафа, Троцкий, Рузвельт, Хитлер, Сталин, Чөрчилль, Мао Зэдүн, Никита Хрушев, Ким Ир Сэн, Хо Ши Мин, Фидель Кастро, Дэн Сяопин, Жон.Ф.Кеннеди, Мартин Лютер Кинг, Махатма Ганди гээд олон үндэстэн улсын нэр цуутай, цөөнгүй удирдагч, соён гэгээрүүлэгч, тэмцэгчид бас дарангуйлагчдыг төрүүлсэн. Эдний хувь заяанд шүтэгдэх ерөөл, хараагдах тавилан аль нь ч бий. Гэвч эдний ихэнх нь цаг үеийн олон янзын өнцөгт эх орончдын дүрээр илэрч байсан.
Гэвч энд нэгэн зүйлийг онцлон хэлье !
Эх оронч үзлийн гол төлөөлөгчөөр хэн нэгэн удирдагч дарангуйлагчийг төсөөлдөг байсан, дайн дажинтай холбож хэт явцууруулж байсан өнгөрсөн зууны ойлголт түүх болон үлдлээ.
Одоо шинэ үе эхэлж байна. Түүх соёл, уламжлалт ухаан, нутаг дэвсгэр, ард түмний нийтлэг үнэт зүйлсээс эх оронч үзэл төлөвших нь гарцаагүй бөгөөд одоо хүн бүрд эх оронч байх боломж, бас үүрэг улам бүр ихэсч байна.

Хамгийн эрхэм зүйл юу вэ гэвэл ? Бурхан хэн нэгэнд “ Чи эх оронч болоод түүхийг эзэгнээд ир” гэж явуулдаггүй. Хүн бүхэнд эх оронч байж дэлхий ертөнцийн гялалзагч одон болох хувь тохиол хайрладаг. Эх орончид тусдаа төрдөггүй. Тэд өөрөө өөрийгөө төрүүлдэг. Тэднийг ард түмэн нь, цаг хугацаа нь, зүрх сэтгэл нь, өөдрөг том зорилго нь, бас хүн чанар нь төрүүлдэг юм.
“Хүнд нөхцөл байдалд ард түмнийг баатарлаг явдал аварч болох ч, өдөр тутам өчүүхэн жижиг сайн үйлс бүтээгчдийн цогц л түүний сүрийг тоодорхойлж байдаг” хэмээн Г.Лебоны өгүүлсэн туйлаас үнээн.


Шударга ёсны нар тусаж, Үнэний гэрэл гэрэлтэж, Хүнийг хайрлахын цэцэг дэлбээлж, эх түүхээ мэдэхийн саран гийсэн, эрх чөлөө ардчиллын салхи сэвэлзсэн, ухаарал гэгээрлийн одод сувдарч, итгэл бишрэлийн мод ургасан эгэл гоо үзэсгэлэнгээр сэтгэлийнхээ гүн дэх Эзэнт улсаа гоёж, нуран унашгүй оюунлаг цамхаг барьснаар чиний зүрх эх орончийн цохилтоор цохилно. Тийнхүү эх орноо хайрлах мэдрэмж эхэлнэ. Хэлж чадах зоригтой, хийж чадах тууштай, итгэж чадах сэтгэлтэй, Зорилго дүүрэн өөдрөг амьралаар өөрийгөө тойруулан амьдарч чадвал энэ бол эх оронч хүний хувь заяа. Зөвхөн амьдрах ч бус түүхийн шаргал хуудаснаа, ард түмний зүрх сэтгэлнээ домог болон гэрэлтэх хувь тохиол юм.

Заримдаа түүх гуйвна. Өнөөдөр шүтээн байсан эрдэнэ маргааш адгийн зүйлд тооцогдож магадгүй нөгөөдөр бурхан мэт тахигдана. Улиран одох цаг хугацааны араншинд хүмүүний амьдралын ээдрээ нугачаанд сэтгэл зүрх бүү хэл, орчлон хорвоо ч орвонгоороо өөрчлөгдөж байдаг. Гэвч гуйвашгүй нэгэн түүх бий. Тэр түүхийг өгүүлэгч нь ард түмэн юм. Ард түмний зүрх сэтгэлд батарлаг үйл, шударга үзэл, оночтой, голчтой, ариун үйл хэргээрээ мөнхрөгсөд бол жинхэнэ эх орончид юм. Тиймээс эх оронч үзэл хэзээ ч мөхдөггүй билээ.


3.“Эх орогногчдыг бус эх орончдыг овоглохын тулд эх оронч үзэл хэрэгтэй байдаг”


Ард түмэн харахгүй байж болно,
гэвч тэд ямагт мэдэрч байдаг.
Д.Харрингтон

Тодорхой бие хүмүүс ёс суртахууны хувьд ялзарч болдог ч харин ард түмний хувьд бол хэзээ ч үгүй. Тийм ч учраас жинхэнэ эх орончид ард түмний гүнд нь байж тэдэнд ойр хандаж чаддаг.

Тэгвэл жинхэнэ эх оронч гэж хэнийг хэлэх вэ?
Тийм хүнд эх оронч үзэл, эх оронч ухамсар, эх оронч итгэл үнэмшил, үйл хэрэг цогцолсон байдаг юм.

Нэгэн цагт Авраам Линколин Алдарт Геттисбергийн үгэндээ: “Ард түмний төрүүлсэн, ард түмний төлөөх, ард түмний засаг газрын хөрснөөс арчигдах ёсгүй “ хэмээсэнчлэн “Ард түмний дундаас ард түмний сэтгэлийн гүнээс ундран гарсан эх оронч үзэл ард түмний ой ухаанаас мартагдах ёсгүй юм”. Эх оронч үзэл бол өнгөрсний тусгал, Үндэстний ой ухааны санамж дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог нь оюун билэгт хүний ухааны гайхамшиг билээ.

Яагаад эх оронч үзэл хэрэгтэй вэ?
Хэдэн жилийн өмнө Монголд, “Та өөрөөсөө урагш хэдэн үеэ нэрлэж чадах вэ? гэсэн социологийн асуултанд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 хувь нь ердөө л 1-3 үеэ мэднэ гэж хариулжээ. Энэ юу гэсэн үг вэ? Уламжлал соёлоо гадарлахгүй, өвөг эцгийнхээ нэрийг ч мэдэхгүй иргэд төрөн гарахыг хэлж байна. Түүх соёлоо мэдэхгүй хоосон сүржигнэгчийг эх оронч бус “эх орогногч” гэлтэй. Тиймээс “Эх орогногчдыг бус эх орончдыг овоглохын тулд эх оронч үзэл хэрэгтэй байдаг”.

Эх оронч байх гэдгийг цэрэгт мордох, улс төрд зүтгэх мэтээр хязгаарлаж болохгүй. Эх орон гэдэг ээжийн саяхан чанасан цайнаас амтагдаж, аавын дөнгөж өгүүлсэн сургаалиас мэдрэгдэж, амрагийн уруул, дүүгийн гэгээн хүслээс эхэлдэг.
Эх оронч байна гэдэг бусдыг гайхшруулсан баатарлаг үйл бүтээхдээ биш өдөр тутам шинийг эрэлхийлж, өөрийнхөө ирээдүйд үнэнч зүтгэж, цаг хугацааг бяцхан ч гэсэн амжилтаар дүүргэж, сайн сайхныг бусдад хүссэн эгэл жирийн өглөөнөөс эхлэнэ. Чухамдаа эх орон нар мандахад ургаж үдэш нь ододтой хамт түгдэг. Эх орон эрх чөлөөтэй хамт, энэрэл хайртай хамт өглөө бүхэн эхэлдэг. Хэний ч хоолойгоор ямар ч хэлээр сонссон энэ үг аз жаргал мэт сонсогдоно. Ингэж эх орончдоор цаг хугацаа дүүрдэг билээ.


Өнөөдөр !

Залуучуудын цөөнгүй хэсэг эх оронч ухамсраар цангаж зорилгогүй амьдарч, амар хялбар ахуйд дурлаж, эх оронч үзлийн төлөвшилт ганхмал байгаа нь эх түүхийн мэдлэг буурайдаж өнгөрсөн одоо ирээдүйн залгамж холбоонд уламжлалт соёл ховордож байгаагийн учир юм. Энд улс төр, эдийн засгийн хамааралтай, зохион байгуулалтын шинжтэй дорвитой алхмууд үгүйлэгдэж байна.

Эх оронч үзэл батжин төлөвшсөнөөрөө хувь хүний болоод нийт улс оронд хэрэгтэй амин чухал үйлсэд тус дэмээ өгнө. Даяаршиж буй эрин үед түүхээ сурталчилж боловсролын нийт тогтолцоонд өргөнөөр нэвтрүүлэх нь юунаас ч чухал байна.

“Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хурааж чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” хэмээн Домогт Жанжин маань өгүүлсэнчлэн өнөөдөр Монгол эх оронд маань эвлэрэл, нэгэн чигт санаа, нэгэн үзүүрт сэтгэл юу юунаас илүү үгүйлэгдэнэ. Атаа хорсол, нутгархалын хэнээ, өсчирхөлийн өвчин, намчирхалын тахал бидэнд хэрэггүй.

Монголыг минь мөнх хөх тэнгэр ямагт ивээх болтугай.

Friday, February 1, 2008

Төр минь Ард түмнээ өөртөө “дурлуулах” юм хийгээч

Эх орныхоо төлөө өвчлөх хэрэгтэй.
Төр гэж юу юм. Эх орон гэж юу юм. Есөн хөлт цагаан туг, соёмбо тэмдэг, төрийн дуулал, уул ус, мод чулуу юу? үгүй. Төр гэдэг чинь төр шүү дээ. Их энгийнээр Монгол гэдэг улс, монголын төр гэдэг зүйл байх байхгүй, оршин тогтнох эс оршин тогтнох эсэхийг шийдэх нь төрчингүүдээс шалтгаалдаг юм шүү дээ.
“Миний эх оронд ороо бусгаа байдал ноёлож, цаг үе хүн хэцүү байдалд оршиж байгаа ч урьд өмнө түүхийн хүнд нөхцөлд олон арван эрэлхэг залуучуудыг хурцлан төрүүлж байсан. Тэд бүгд өөлдийн Амарсанаагийн зориг нь дүрэлзэн байж “Эх орон тусгаар тогтнолд эр бие энэ нас хайрангүй” гэж хэлсэн шиг амь насаа эгнэгт зориулсан. Үе үеийн эх орончид, төрчингүүд минь тэр хэцүү үеүүдэд бидний ирээдүйг амь насаараа төлсөн” гэж Хөх сүлд бүлгэмийн хэлсэн үгийг иш татмаар байна.
Яг л ийм зүйл өнөөдөр үгүйлэгдээд байх шиг.
Ард түмэн чинь
Ийм л байх ёстой мэт ард түмэн чинь хүлээх шиг. Гэхдээ үүнээс өчүүхэн жижигхэн зүйлийг л хүсч байна. Монголын ард түмэнд Монголдоо төрсөндөө хармсаж суудаг хүн байхгүй. Ямар азаар тэр Африк мафрикд нь төрөөгүй юм болоо. Монгол нутагт төрөөд, төрийнхөө хайр хишгийг харах гэж үзэх гэж яваа ард түмэн учраас азтай. Нэгэнт л Монгол гэдэг төр улсын оршин тогтнолын төлөө явж байгаа учраас ард түмэн ч бас төрд өртөй хүмүүс. Тиймээс бидний зүгээс шаардах зүйлээ, бидэнд хэлэх үгээ “төр ард түмэндээ хэлэх үг” хэмээн айлдаж болно. Ард түмэн чинь сонсоход бэлэн.
Төр минь
Тэгээд энэ сайхан бүхнээ магтан дуулаад байгаа Эх орны төлөө гэсэн сэтгэл нь хаана яваа юм бол? Ядаж нэг удаа “Эх орон ” гэж юу юм бэ? Бид яах ёстой юм? Тэгээд нэг эргэцүүлбэл хайрлах сэтгэл төрөх вий. Хайрлах сэтгэл байхад л болно. Сэтгэл л байвал болно. Ард түмэндээ тэгж түүх уншиж онолдож, дууны үг цээжлүүлэх гэж,туг сүлд ярьж “төр” гэсэн ойлгогдохгүй хараал зүхлийн газар мэтээр ойлгуулах болсон ухагдахуунаасаа салмаар…
Төр нь төрөө, ард нь ард түмэн гэдгээ ухамсарлаад Монголын төрийнхөө төлөө гэж бодоосой.
Хүн бүр л хайраар өвчилдөг. Тэр хайрынхаа ачаар, зүрх сэтгэл, сэтгэл зүрхнийхээ ачаар амьдарч, хийж бүтээж гавъяа байгуулдаг. Та бүгд тэр хайрынхаа зайд Эх орны төлөө гэсэн хайрыг багтаагаад хайрлаач. Тэгээд эх орноо хайрлахын дээдээр хайрлаж, санахын дээдээр санаж хөлөрч хонодог болоосой.
Үүнээс хойш сэтгэлтэй байцгаая аа. Тэгвэл эх орон чинь баярлана. Түүнээс биш уг чанартаа Улс орон бүр л сайхан тал, уул ус, мод агаартай шүү дээ. Монгол улсыг тийм тодотголоор хуураад хэрэггүй. Төр нь, хүмүүс нь улс эх орноо ямар вэ гэдгийг нь харуулах юм бол бид жинхэнэ утгаараа Монгол гэдэг нэрээр овоглож амьдархад нүүр улайхгүй.
Энд нийгэм, эдийн засаг, гэрээ хэлэлцээр, жагсаал цуглаан, авилга хээл хахууль, хөгжил дэвшил, өнөө маргаашийн асуудал яриад дурьдаад нэмэргүй. Хийх ёстой хийгдэх ёстой л ажил. Төр хийнэ. Ард түмэн ч хийнэ. Энэ төрийн л ажлын нэгээхэн хэсгүүд. Харин нэг л зүйл дутаад байгаа. Өнөөх сэтгэл.
Монголын төрийг авч яваа төрчингүүдэд “сэтгэл” л байвал болох нь тэр. Түүнээс сэтгэлгүй сэтгэлээр юу хийнэ. Төрөөс ард түмэнд үзүүлэх дэмжлэг нь “сэтгэлтэй сэтгэл” байгаасай. Тэгвэл ард түмэн минь та бүгдэд дурлана.
Хүн бүр л хайраар өвчилдөг. Та бүгд төр нь юм бол тэр хайрынхаа зайд Эх орноо, ард түмэнтэй нь багтаагаад хайрлаач. Тэгээд эх орноо хайрлахын дээдээр хайрлаж, санахын дээдээр санаж, бодож цөхөрхийн дээдээр цөхөрч шаналж, тарчилж хөлөрч хонодог болоосой.

/Монголын төрийг авч яваа төрчингүүд хийх юмаа мэддэг. Гагцхүү хийх сэтгэл тэдэнд байдаггүй./
ОДГЭРЭЛ.

ТӨРД ХЭЛЭХ МИНИЙ ҮГ

Эх орондоо хайргүй МОНГОЛ хүн гэж байдаггүй билээ.
Харьд амьдарч буй МОНГОЛЧУУД бидний , бие минь хүний нутагт байдаг ч сэтгэл зүрх минь эх оронтойгоо хамт цохилж байдаг билээ. Бидний мөрөөдөл бүхэн минь ЭХ ОРОНТОЙ минь холбогдож , ЭХ ОРОН минь итгэл хайрлаж , ЭХ ОРОН минь ирээдүй, эрх чөлөө минь болон гэрэлтэж байдаг билээ.
ХӨХ СҮЛД бүлгэмээс зохион явуулж буй "ТӨРД ХЭЛЭХ МИНИЙ ҮГ" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бичлэгүүдээс цуврал болгон та бүхэнд хүргэх гэж байна.
Сэтгэл оюун цаг заваа гарган бичлэгээ ирүүлсэн нийт МОНГОЛЧУУДДАА бүлгэмийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэе.

//////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////
Эх орноос минь, эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил, шилээ даран ирлээ. Элэг эмтэрч, эр бие минь суларч өөрийн эрхгүй хийж байсан ажлаа орхин нэг хэсэгтээ л гэгэлзэн нулимс дуслуулаад бага боловч тайтгарсаны дараа эргүүлэн залгалаа...
Монголчууд маань эрт дээр үеэс билгийн буюу сарны он тооллоо жаран жилээр үечилж ирсэн нь ямар нэгэн маш нарийн утга агуулгатай л байж таарна. Би зурхайч биш болохоор тэр талаар ямар нэгэн мэдлэггүй. Бас хорин таван жилийг нэг үе гэж үздэг. Энэ тал дээр дээшээ, доошоо 12 жил нь нэг үе болдог гэж сонсож байсан юм байна. Миний мэдэхийн л монгол хүний дундаж нас жар гэж сонсож байсан болохоор миний аав, ээжийн үе өнгөрөөд бидний буцах үе эхэлж байгааг, хүний амьдрал богинохон шүү гэж сануулан харанга дэлдэж эхэлж буйг ухаарлаа гэх үү дээ.
... Хүргэн маань, том эгчийн маань нөхөр ердөө л дөчин еснийхээ жил дээр үр хүүхдүүдээ өнчрүүлэн, найз нөхөд, хамаатан саднуудаа уйлуулан өвчний учраас хорвоог орхин оджээ. Ойр дотныхоо сэтгэл нийлэн амьдралд нэгэн зорилго агуулан, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, зүтгэж явсан хүргэн ахыгаа цагийн эрхийг сануулан өнгөт хорвоогоос халин одоход харамсахгүй, гашуудахгүй байхын аргагүй...
Гэтэл дээрээс нь эгч минь үг алдан намайг бүр нэрвэж орхив оо. “Манайх чинь эр хүнгүй айл болчихжээ. Гэнэт ажил явдал гараад цугласан чинь дандаа хүүхнүүд, юу хийх, яахаа мэддэггүй...” дотор харанхуйлан үг ч гарахаа байн “Нөгөө Батсайхан хаачаа вэ?” хэмээн цахиртууллаа. “Ах та хоёрт хэлж зүрхлэхгүй байсан юмаа, миний дүү чи юм, юм үзсэн ид насны эр хүн шүү. Биеэ бариарай даа, цаадах чинь гэрээс гараад сураггүй болон хагас жил болж байна”...
Эцэг эхээс бид чинь наймаас долуулаа өссөнсөн. Зулай дээр нь гишгэж төрсөн хоёрхон дүүтэй хүн шүү дээ би чинь, дүү минь чи хааччихваа? Чи минь үхсэн, амьд нь хамаагүй хаана байнаа? ...
Одоогоос жил хагасын өмнө /2006 оны наадмын гурав дахь өдөр/, хүн бүр баярлаж цэнгэж байсан наадмын гурав дахь өдөр хүчит бөхийн арвын даваа эхлэх гэж байсан яг тэр үед ийм явдал болсон юм. Ах маань хөгшин европт, дүү маань Сеулд би энд, гурван эгч маань л нутагтаа голомтоо сахин үлдсэн байлаа. Нас биед хүрсэн эр хүн, ид насандаа гучин долооныхоо жилэн дээр хаашаа одов оо?
Эмнэлэг, цагдаа, шорон орон, траншей танк... Эрээд, сураад, хайгаад олдсонгүй гэх. Траншей, шорон оронгоор хайх нь аргаа л барсан, цөхөрсөн хүний ажил. Өглөө болгон ажилдаа явлаа гээд л инээгээд гардаг, орой нь ядарсан, заримдаа халамцуухан инээд алдаад л орж ирдэг дүү минь, тэр өдөр эргэж ирсэнгүй... Маргааш нь ч ирээгүй, бүүр тэр чигтээ ирээгүй гэнэ. Дүү минь, чи минь амьд уу? Яг хоёр жилийн өмнө энэ л өдөр гэрээс гараад сураггүй болсон юм гэсээн.
Халхын минь амьдрал харанхуй байна даа, гэрэлтэх өдөр ирж л таараа. Одоо нутагт минь хоёрхон эгч минь л үлдсэн. Манайх эр хүнгүй айл үлдэж байхад, бас эм хүнгүй айлууд ч мэдээж олноороо байгаа. Миний мэдэхийн л энд эгч дүү дөрвөн хүүхнүүд байсан л юм, нөхрүүд нь нутагтаа. Тэднийх эм хүнгүй айл л болж таараа.

Мянга, мянган монголчууд маань амьдралын эрхээр гадагш тэмүүлсээр л. Сая хориодхон хоногийн өмнөхөн Солонгост зуу гаруй залуус харлаж үлдлээ.Огт хүнгүй Монгол болчихвий дээ. Боловсон хужаа Хангүг, бодлоготой хужаа, хар хятадын шаахай төрсөн нутгийн минь хөрсийг туучиж байна гэнэ. Хар мөр нь он солигдох мөчид 12 эрдэнэт хүмүүний амийг авч одлоо. Араас нь дал, наян хүн хордлоготой гэнэ.
Тиймээ, бид бүгдээрээ буруугүй буруутнууд!
Нийгэм солигдоход зоригтой идэж чадаагүй дээ бид харь нутгийг зорьж хүний газрын шороо идэж, хүнд ажилд нь нухлуулан харьд шигдэж байгаадаа бид буруутан.Идэж, уугаад дээшээ гарсан эрхэмсэг дээдсүүд хамгийн гол буруутнууд.
Уут, уут мөнгөөр
Улсаа худалдаж байна, тэд нар
Богц, богц мөнгөөр
Богдоо худалдаж байна, тэр дээдсүүд маань.

Архины бизнес хэнийх вэ? Ажлаа хийгээд, архиа уугаад явж байгаа энгийн л нэг борчууд уу? Аль эсвэл эх орноосоо алслагдсан харьд хараар зүтгүүлж байгаа бид нар уу? Баяр болох гээд амьтан ах дүүд амсуул гээд гуравхан шил виски илгээмжинд хийхэд илгээмж хүлээж авдаг гаалийн түшмэд ямар олон юм бэ гээд хүчээр зодоод татвар авчихаж байна гэнэ. Энэ холоос тэр өндөр үнэтэй илгээмжинд хийсэн гуравхан шил вискинээс би ашиг олох юм гэнэ дээ. Яруу алдарт гаальчдын алдар бадрах болтугай! Ард иргэдээ ингэж л хамгаалах ёстой, ёстой мундаг. Тийм болохоор бид биш. Арван долоон чингэлэг спирт гээд л сүр дуулиан болоод л байсан, сүүлдээ сураг чимээгүй л болсон.
Элит царайлсан идэмхий муусайн дээдсүүдийг яалтай ч билээ. Эх орныг минь, ард иргэдийг минь хордуулж алж байгаа энэ архины бизнесийн нууц ноёнтнууд нь дандаа л тэд нар байгаа шүү дээ. Доодохыг нь долоочих шахан гүйлдэх гаальчин Баагийнууд ч тэдний л гар хөл шүү дээ. Жирийн л нэгэн ажилчин хүний хүүхэд гаальчин болсон түүх байхгүй л байдаг байхгүй юу.
За яах вэ, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цагийн салхи нэг л эргэхэд бүх юм орвонгоороо эргэж байр, байраа олох цаг ирнээ. Бид ч харина, эх орондоо. Ихийг бүтээх хүсэл иргэн Монгол хүнд байгаа шүү, эрхэм дээдсүүдээ!

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай