Friday, February 1, 2008

Төр минь Ард түмнээ өөртөө “дурлуулах” юм хийгээч

Эх орныхоо төлөө өвчлөх хэрэгтэй.
Төр гэж юу юм. Эх орон гэж юу юм. Есөн хөлт цагаан туг, соёмбо тэмдэг, төрийн дуулал, уул ус, мод чулуу юу? үгүй. Төр гэдэг чинь төр шүү дээ. Их энгийнээр Монгол гэдэг улс, монголын төр гэдэг зүйл байх байхгүй, оршин тогтнох эс оршин тогтнох эсэхийг шийдэх нь төрчингүүдээс шалтгаалдаг юм шүү дээ.
“Миний эх оронд ороо бусгаа байдал ноёлож, цаг үе хүн хэцүү байдалд оршиж байгаа ч урьд өмнө түүхийн хүнд нөхцөлд олон арван эрэлхэг залуучуудыг хурцлан төрүүлж байсан. Тэд бүгд өөлдийн Амарсанаагийн зориг нь дүрэлзэн байж “Эх орон тусгаар тогтнолд эр бие энэ нас хайрангүй” гэж хэлсэн шиг амь насаа эгнэгт зориулсан. Үе үеийн эх орончид, төрчингүүд минь тэр хэцүү үеүүдэд бидний ирээдүйг амь насаараа төлсөн” гэж Хөх сүлд бүлгэмийн хэлсэн үгийг иш татмаар байна.
Яг л ийм зүйл өнөөдөр үгүйлэгдээд байх шиг.
Ард түмэн чинь
Ийм л байх ёстой мэт ард түмэн чинь хүлээх шиг. Гэхдээ үүнээс өчүүхэн жижигхэн зүйлийг л хүсч байна. Монголын ард түмэнд Монголдоо төрсөндөө хармсаж суудаг хүн байхгүй. Ямар азаар тэр Африк мафрикд нь төрөөгүй юм болоо. Монгол нутагт төрөөд, төрийнхөө хайр хишгийг харах гэж үзэх гэж яваа ард түмэн учраас азтай. Нэгэнт л Монгол гэдэг төр улсын оршин тогтнолын төлөө явж байгаа учраас ард түмэн ч бас төрд өртөй хүмүүс. Тиймээс бидний зүгээс шаардах зүйлээ, бидэнд хэлэх үгээ “төр ард түмэндээ хэлэх үг” хэмээн айлдаж болно. Ард түмэн чинь сонсоход бэлэн.
Төр минь
Тэгээд энэ сайхан бүхнээ магтан дуулаад байгаа Эх орны төлөө гэсэн сэтгэл нь хаана яваа юм бол? Ядаж нэг удаа “Эх орон ” гэж юу юм бэ? Бид яах ёстой юм? Тэгээд нэг эргэцүүлбэл хайрлах сэтгэл төрөх вий. Хайрлах сэтгэл байхад л болно. Сэтгэл л байвал болно. Ард түмэндээ тэгж түүх уншиж онолдож, дууны үг цээжлүүлэх гэж,туг сүлд ярьж “төр” гэсэн ойлгогдохгүй хараал зүхлийн газар мэтээр ойлгуулах болсон ухагдахуунаасаа салмаар…
Төр нь төрөө, ард нь ард түмэн гэдгээ ухамсарлаад Монголын төрийнхөө төлөө гэж бодоосой.
Хүн бүр л хайраар өвчилдөг. Тэр хайрынхаа ачаар, зүрх сэтгэл, сэтгэл зүрхнийхээ ачаар амьдарч, хийж бүтээж гавъяа байгуулдаг. Та бүгд тэр хайрынхаа зайд Эх орны төлөө гэсэн хайрыг багтаагаад хайрлаач. Тэгээд эх орноо хайрлахын дээдээр хайрлаж, санахын дээдээр санаж хөлөрч хонодог болоосой.
Үүнээс хойш сэтгэлтэй байцгаая аа. Тэгвэл эх орон чинь баярлана. Түүнээс биш уг чанартаа Улс орон бүр л сайхан тал, уул ус, мод агаартай шүү дээ. Монгол улсыг тийм тодотголоор хуураад хэрэггүй. Төр нь, хүмүүс нь улс эх орноо ямар вэ гэдгийг нь харуулах юм бол бид жинхэнэ утгаараа Монгол гэдэг нэрээр овоглож амьдархад нүүр улайхгүй.
Энд нийгэм, эдийн засаг, гэрээ хэлэлцээр, жагсаал цуглаан, авилга хээл хахууль, хөгжил дэвшил, өнөө маргаашийн асуудал яриад дурьдаад нэмэргүй. Хийх ёстой хийгдэх ёстой л ажил. Төр хийнэ. Ард түмэн ч хийнэ. Энэ төрийн л ажлын нэгээхэн хэсгүүд. Харин нэг л зүйл дутаад байгаа. Өнөөх сэтгэл.
Монголын төрийг авч яваа төрчингүүдэд “сэтгэл” л байвал болох нь тэр. Түүнээс сэтгэлгүй сэтгэлээр юу хийнэ. Төрөөс ард түмэнд үзүүлэх дэмжлэг нь “сэтгэлтэй сэтгэл” байгаасай. Тэгвэл ард түмэн минь та бүгдэд дурлана.
Хүн бүр л хайраар өвчилдөг. Та бүгд төр нь юм бол тэр хайрынхаа зайд Эх орноо, ард түмэнтэй нь багтаагаад хайрлаач. Тэгээд эх орноо хайрлахын дээдээр хайрлаж, санахын дээдээр санаж, бодож цөхөрхийн дээдээр цөхөрч шаналж, тарчилж хөлөрч хонодог болоосой.

/Монголын төрийг авч яваа төрчингүүд хийх юмаа мэддэг. Гагцхүү хийх сэтгэл тэдэнд байдаггүй./
ОДГЭРЭЛ.

No comments: