Friday, December 14, 2007

Гадаадад буй Монголчууд сонгох эрхээ эдлэх ёстой

Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ гаргасан дүгнэлтийг “Цахим өртөө” ТББ-ынэхан эсэргүүцэн,дээрх утгатай мэдэгдэл хийсэн юм. Учир нь гадаадад амьдарч байгаа монголчуудыг 2008 оны сонгуульд оролцуулах боломжгүй хэмээн СЕХ үзжээ. Учир нь гадаадад оршин сууж байгаа нийт 200.000 иргэний тал хувь нь буюу 100.000 гаруй нь сонгуулийн насны хүмүүс байгаа аж. Гэтэл тэднийг сонгуульд оролцуулахад таван сая орчим ам.доллар шаардлагатай болсон гэнэ. Харин Цахим өртөө ТББ-ынхны тайлбарлаж байгаагаар анх 2004 оноос хойш хөөцөлдөж байж 2005 оны сүүлээр гадаадад байгаа манай улсын иргэдийг сонгуульд оролцуулах асуудлыг шийдвэрлүүлж байжээ. Гэтэл өнөөдөр МУ-ын Сонгуулийн тухай хуулийн хоёрын зургаагийн гуравт зааснаар бол “Гадаад улсад хууль ёсоор оршин суугаа МУ-ын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож болно” хэмээн заасан ба гадаадад байгаа 100.000 гаруй иргэд буюу нийт сонгогчдын хорин хувийг төлөөлж байгаа иргэдийг сонгуульд оролцуулахад санхүүгийн хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр боломжгүй гэж үзсэн байна. Хэдийгээр хилийн чанад дахь улс оронд визний асуудлаас болж хараар амьдарч байгаа боловч Монгол Улсын иргэн бөгөөд эх орныхоо хуулийн заалтыг зөрчөөгүй иргэдийн эрхийг боогдуулж байгаа нь маш болчимгүй алхам гэж тэд үзэж байна. Таван сая ам.доллар гэдэг хэдийгээр бага мөнгө биш боловч иргэний эрхийн хувьд харьцуулашгүй юм. Бусад улс орнууд ялангуяа хөгжил буурай улсууд гадаадад байгаа иргэдийнхээ эрхийг дээдлэн үзэж сонгуульд оролцуулдаг ба манай улсад ч ийм боломж бүрэн байгаа аж. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд янз бүрийн салбарт ажилладаг ба оюуны өндөр боловсролтой хүмүүс байдаг тул тэд хэзээ ч ходоодоороо бус оюунаараа сонгуульд оролцох бүрэн чадамжтай байдаг гэнэ. Мөн тэдгээр иргэд сонгуульд оролцохыг маш их хүсч байгаа бөгөөд үр хүүхдүүдийнхээ болон эх орныхоо ирээдүйд маш их санаа зовж байгаагаа ч уламжилсан байна

No comments: