Monday, November 26, 2007

Б.Дангаасүрэн агсаны үхлийн тухай

Монгол орныг ялзруулан доройтуулж буй авлигатай тэмцэх байгууллагын дарга харь оронд ажлаар явж байгаад ёс бусаар амиа алдсан нь ард түмнийг айдас хүйдэст автуулаад байгаа билээ. Төрийн нэгэн түшээгээ алдсан эрх баригчид алтан шарилыг нь яаран сандран булсны дараагаар сэтгэл хирдхийм зүйлс сонсогдох боллоо. Талийгаачийн шарил хоёр нүдгүй, бас гэдэс доторгүй байсныг Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч гэгдэх Шаабар С.Зориг агсны үхэлтэй “холбон” маш эвгүйгээр тайлбарлав. Цогцост задлан шинжилгээ хийхэд Монголын талаас хүн байлцаагүй нь энэ хэрэгт төр нэлээд хойрго хандсаны илрэл гэмтэй. Ямартаа ч Авлигатай тэмцэх газрын дарга өвчнөөр нас барсан байлаа ч гэсэн төр маш их анхаарал хандуулж, ултай суурьтай судалж үзэх ёстой байсан. Шаабарын мэдээллээс гадна бас нэгэн ноцтой гэмээр яриа бидний чихийг дэлссэн юм. Учир юун гэвээс Б.Дангаасүрэн агсан Австрали явахынхаа өмнөхөн Санзайн аманд байдаг эгчийндээ очсон байна. Цөөн хэдэн малаа адгуулан сүү зардаг эгч нь тэр хавьдаа нэлээд нэртэй үзмэрч аж. Өнөөдөр уг буурай дүүгээ харь улс руу явуулдаггүй байж хэмээн нулимстай суугаа аж. Учир нь талийгаач дүү нь Австрали явахынхаа өмнөх орой очиж ” Надтай хамт нэг эвгүй хүн явах нь. Дээрээс хүчээр ажилд оруулсан хүн байгаа юм. Нэг л эвгүй санагдаад байна” гэж хэлжээ. Эгч нь түүнийг ийм бодолтой байвал яваад хэрэггүй гэсэн боловч өөрөө “Энэ бол төрийн ажил шүү дээ” гэж хэлээд хоол цай идээд гарсан гэнэ. Ер нь талийгаач нэг л гундуухан айж түгшсэн байдалтай байсныг өнөөдер эгч нь ярьж сууна. Энэ бол чихний хажуугаар өнгөрөөх хов биш ээ. Магадгүй, маш ноцтой хэргийн ээдрээг тайлах учиг ч байж болохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхлээр эндээс хэд хэдэн асуудал гарч ирнэ. Нэн тэргүүнд Авлигатай тэмцэх газар хэн хэн гэдэг албан тушаалтныг шалгахад бэлэн болсон байсан? Удаад нь хэн гэгч даргын тушаалаар ямар гээч нөхрийг Авлигатай тэмцэх газар шургуулсан байж таарах вэ? Талийгаачтай хамт Австрали руу ямар ямар хүмүүс явсан? Яагаад албан ажлаар явж байгаа хэрнээ зочид буудалд бус айлд буусан болох? Мөн шарилын эд эрхтэнүүдийг яагаад авч үлдсэн болох? гээд олон олон асуулт шил даран хөврөх нь ойлгомжтой. Эндээс харахад Авлигатай тэмцэх газрын дарга бие дааж ажил хийхэд бэрхшээлтэй байсан нь ойлгогдож байна. Энэ бэрхшээлийг мэдээж хэрэг эрх баригчид өөрийн хүнээ тус байгууллагад шургуулснаар үүсгэсэн нь ойлгомжтой. Магадгүй, ямарваа нэгэн бүлэглэл, фракцын эрх ашгийг хөндөх санаархал гарсныг тасалдуулах зорилгоор хэн нэгнийг дээрээс дарамтлан шургуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартаа ч талийгаачийн эгчдээ хэлсэн сүүлчийн үгнээс үзэхэд санаа буруу этгээд уг байгууллагад шургалан Австрали руу хамт одсон нь илэрхий байна.Ер нь тус байгууллагаас чамгүй олон албан тушаалтныг тэр дундаа Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У .Хүрэлсүх нарыг ч гасэн шалгах хүсэлтээ холбогдох хууль хяналтын байгууллагуудад тавиад байсан нь нэгэнт тодорхой болсон. Бид цагдаа, прокурорт ажилладаггүй учраас хэн нэгнийг буруутгах эрх байхгүй. Гэхдээ энэ мэдээллийн мөрөөр хүчний байгууллагууд тодорхой мөрдлөг явуулбал ил үүдэхгүй байх гэж бодно. Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натрийн хордлого тархсаныг хамуу гэж тайлбарладаг эрх баригчид Б.Дангаасүрэн агсны үхлийн талаар “өвчний” хэмээх оношийг ил далд олон хэлбэрээр сурталчилж байгаа нь бас л эргэлзээ төрүүлэх хэрэг. Энэ мэтчилэн олон тийш хөвөрсөн зангилааны учгийг нэн даруй олох ажилд хойрго хандвал ард түмний төрд итгэх итгэл алдарч тэр чинээгээрээ Монгол төрийн эрч хүч улам бүр суларч доройтох болно. Тэгээд ч энэ хэрээр Авлига улам бүр цэцэглэж төрд шударгаар зүтгэдэг түшээдийн тоо аажмаар цөерөх болно. Яагаад гэвэл иймэрхүү эгзэгтэй байгууллагад шударга ажиллах хүн олдохгүй гэсэн үг. С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Д.Бадраа, Б.Дангаасүрэн гээд нэрс хөврөх болно. Мөн төрд зүтгэж буй цэвэрхэн хүмүүсийн нэг болох УИХ-ын гишүүн БХБ-ын сайд Ж.Наранцацралт ч гэсэн мөн л тэдний араас одлоо. Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Манлай баатар Дамдинсүрэн гээд эх орончдын үхэл мартагдаагүй байна шүү дээ.

No comments: